Кубын зарим иргэд хүнсний үнийн огцом өсөлт, удаан үргэлжилж буй цахилгаан тасалдлыг эсэргүүцэн жагссаны дараа Коммунист намын байр руугаа дайрчээ. Кубын Дотоод хэргийн яамны мэдээлснээр "бямба гараг /2026.03.15/-ийн шөнө Морон хотын төвд байрлах Коммунист намын оффис руу хэсэг бүлэг хүмүүс халдаж, барилгыг сүйтгэсний дараа таван хүнийг баривчилжээ."
ВИДЕО:
ВИДЕО: Кубад эрчим хүчний хямрал гүнзгийрч, жагсагчид Коммунист намын төв байр руу дайрчээ
— iSee.mn (@iSee_MN) March 15, 2026
УНШИХ: https://t.co/SDdz55bNyG pic.twitter.com/GPhjI7ElbD
АНУ-ын газрын тосны олон жилийн хориг арга хэмжээний улмаас тус улсад цахилгаан тасалдал, хүнс, түлш, эмийн хомсдол нэмэгдэж, кубчуудын дунд бухимдал өсөж байгаа юм. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел жагсагчдын зарим гомдол “хууль ёсны” байж болох ч “иргэдийн амар тайван байдалд заналхийлсэн хүчирхийллийг төр засаг тэвчихгүй гэж мэдэгдсэн байна.
Тэрээр X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ удаан үргэлжилсэн цахилгаан тасалдал нь иргэдийн дунд “сэтгэл түгшүүр” үүсгэж байгааг хүлээн зөвшөөрсөн ч энэ нөхцөл байдлыг “сүүлийн саруудад улам чангараад буй” АНУ-ын хориг арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлажээ.
Тэгвэл энэхүү жагсаал нь Кубын засгийн газар АНУ-тай үүссэн санал зөрөлдөөнийг “яриа хэлэлцээрээр шийдвэрлэх гарц хайж байна” гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болсон байна.
Кубын ерөнхийлөгч М.Диас-Канел баасан гарагт үндэсний телевизээр хэлсэн үгэндээ АНУ-ын газрын тосны хоригийн улмаас гурван сарын турш Кубад түлш бараг нийлүүлэгдээгүй гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Кубын засаглалыг өөрчлөхийг хүсэж байгаагаа нуугаагүй бөгөөд Куба улс “найрсаг хувьсгал”-ын аюулд орж, “ноцтой асуудалтай тулгарч байна” гэж мэдэгдсэн юм.
Д.Трамп өмнө нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог нэгдүгээр сард баривчилсны дараа Куба “дараагийнх нь байж магадгүй” гэж анхааруулж байсан.
Үүний дараа АНУ Кубын эрчим хүчний хэрэгцээний бараг тал хувийг хангадаг Венесуэлийн газрын тосны нийлүүлэлтийг хааж, Кубад газрын тос нийлүүлсэн улс орнуудад тариф ногдуулна гэж мэдэгдсэн юм. Энэ нь АНУ-ын Кубад тавьсан 60 жилийн худалдааны хориг дээр нэмэгдсэн алхам болжээ.
Куба цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэхдээ импортын түлшнээс ихээхэн хамааралтай тул газрын тосны хориг нь аль хэдийн хүнд байдалд орсон эдийн засагт ноцтой дарамт учруулж байна. Энэхүү хямрал нь яаралтай тусламжийн эмнэлэг, нийтийн тээвэр болон боловсролын салбарт хүртэл нөлөөлж эхэлжээ. Кубын төрийн өмчит Invasor сонинд мэдээлснээр баасан гарагийн жагсаал “анх тайван эхэлсэн” боловч дараа нь “хүчирхийлэл” болж хувирсан гэжээ. Тодруулбал, “цөөн тооны хүмүүс барилгын үүд рүү чулуу шидэж, хүлээн авах хэсгийн тавилгыг гудамжинд гарган гал тавьсан” гэж сонин мэдээлжээ. Мөн эмийн сан, засгийн газрын зах зэрэг төрийн өмчит бусад байгууламжууд ч халдлагын бай болсон байна.
Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдэд хүмүүс “эрх чөлөө” хэмээн хашгирч, гудамжны төвд том гал дүрэлзэж байгаа нь харагдсан байна. Дотоод хэргийн яам мэдэгдэлдээ “тусгай мэргэжлийн хүчин” дээрх “хүчирхийллийн үйлдлүүдийг” шалгаж эхэлсэн гэж мэдээлжээ.
Кубад олон нийтийн эсэргүүцэл харьцангуй ховор байдаг орон. 2019 оны Үндсэн хуулиар иргэдэд жагсаал хийх эрх олгосон ч уг эрхийн хэрэгжилтийг тодорхойлох хууль одоогоор батлагдаагүй хэвээр байгаа юм. Харин сүүлийн хэдэн долоо хоногт улс даяар цахилгаан удаа дараа тасалдсаны дараа зарим иргэд шөнийн цагаар гудамжинд тогоо, хайруулын таваг цохиж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Өдөрт 15 цаг хүртэл цахилгаан тасардаг нийслэл Гавана хот сүүлийн үеийн эсэргүүцлийн төв болоод байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногт Гаванагийн Их сургуулийн хэсэг оюутнууд цугларч, эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаатай холбоотойгоор боловсролын үйл ажиллагаанд үүссэн саадыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ.
Эх сурвалж: BBC