АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гараг /2026.03.09/-т Флорида мужид хэвлэлийн бага хурал хийж, Ирантай холбоотой дайны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах намын гишүүдийн улс төрийн уулзалтад оролцож үг хэлсний дараа болсон байна.
Д.Трамп хууль тогтоогчдод хандаж хэлэхдээ, “Бид олон талаар аль хэдийн ялалт байгуулсан ч бүрэн ялалт хараахан байгуулаагүй байна” хэмээн онцолсон байна. Мөн АНУ “дайсан бүрэн бөгөөд шийдэмгий ялагдах хүртэл бууж өгөхгүй” гэж мэдэгджээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп АНУ-ын зүгээс дайнд “томоохон ахиц дэвшил” гаргасан бөгөөд цэргийн ажиллагаа “бараг дуусах шатандаа орсон байж магадгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр дайн удахгүй өндөрлөж магадгүй хэмээн хэлж, Тегеранд “хоёр түвшний удирдлага байхгүй болсон” гэж онцолсон байна.
Д.Трамп Ираны шинэ дээд удирдагчийг сонгосонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн ч түүнийг зайлуулах шаардлага тавиагүй байна. Учир нь АНУ, Израилийн агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсаны дараа түүний хүү Можтаба Хаменеи эцгийнхээ бараг 40 жил хашсан албан тушаалыг залгамжилсан юм.
Д.Трампын хэлснээр, дайн эхэлснээс хойш АНУ-ын цэргийн хүчин 5000 гаруй байг цохилтод өртүүлсэн байна. Гэсэн хэдий ч тэрээр “хамгийн чухал байнуудын заримыг шаардлагатай үед дараа нь ашиглахаар үлдээсэн”гэж мэдэгджээ.
Мөн газрын тосны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Д.Трамп үнэ бууруулах зорилгоор газрын тостой холбоотой зарим хориг арга хэмжээг цуцлах боломжийг авч үзэж байгаагаа хэлсэн ч, яг ямар хориг арга хэмжээг цуцлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тэрээр энэхүү дайн урт хугацаандаа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг бууруулахад нөлөөлж магадгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр, хэрэв АНУ болон Израиль эхэлж цэргийн ажиллагаа явуулаагүй бол Иран “Ойрхи Дорнодыг эзлэх аюултай байсан” гэж үзэж байгаа аж. Мөн тэрээр энэ онд АНУ болон Ираны албан тушаалтнуудын хооронд явагдсан хязгаарлагдмал хэлэлцээний үеэр ч Иран цөмийн зэвсэг эзэмших сонирхлоо үргэлжлүүлэн илэрхийлж байсан гэж онцолсон байна.
Эх сурвалж: CNN