Д.Трамп: Иран Ормузын хоолойг хаахыг оролдвол АНУ “20 дахин хүчтэй” цохилт өгнө

Д.Трамп: Иран Ормузын хоолойг хаахыг оролдвол АНУ “20 дахин хүчтэй” цохилт өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улс Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх урсгалыг зогсоохыг оролдвол АНУ илүү хүчтэй хариу цохилт өгнө хэмээн анхааруулжээ.

Тэрээр өчигдөр өөрийн "Truth Social" платформдоо нийтэлсэн мэдэгдэлдээ, “Хэрэв Иран Ормузын хоолой дахь газрын тосны урсгалыг тасалдуулах ямар нэгэн алхам хийвэл тэд Америкийн Нэгдсэн Улсаас ирэх ХОРЬ ДАХИН ХҮЧТЭЙ цохилтод өртөх болно” гэж бичжээ. Мөн Д.Трамп АНУ шаардлагатай тохиолдолд “Ираныг дахин ашиглах боломжгүй болгохуйц, амархан устгаж болох байг устгана” хэмээн мэдэгдэж, “Үхэл, гал түймэр, уур хилэн тэднийг ноёрхоно” гэж анхааруулсан байна. Гэсэн хэдий ч тэрээр “ийм нөхцөл байдал үүсэхгүй байгаасай гэж найдаж, залбирч байна” гэж нэмж хэлжээ.

Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн стратегийн чухал бүс нутагт тооцогддог бөгөөд дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэг нь энэхүү усан замаар дамжин өнгөрдөг юм.

Д.Трамп өөрийн энэхүү анхааруулгыг “АНУ-аас Хятад болон Ормузын хоолойг өргөн ашигладаг бусад улс орнуудад өгч буй нэг төрлийн бэлэг” хэмээн тодорхойлсон байна.

Учир нь Хятад болон Азийн бусад томоохон эдийн засгууд Ойрхи Дорнодоос нийлүүлэгддэг түүхий нефть, байгалийн хийнээс ихээхэн хамааралтай бөгөөд эдгээр нь гол төлөв энэ усан замаар тээвэрлэгддэг байна. Үүнтэй зэрэгцэн Ираны Исламын хувьсгалт харуулын корпус даваа гараг /2026.03.09/-ийн эхээр мэдэгдэл хийхдээ Израиль болон АНУ-ын элчин сайд нарыг нутаг дэвсгэрээсээ гаргасан Араб болон Европын улс орнуудад мягмар гарагаас эхлэн Ормузын хоолойгоор саадгүй нэвтрэх боломж олгоно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN