АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны үнийг тогтворжуулах чиглэлд арга хэмжээ авах боломжтой талаар мэдэгдсэний дараа өчигдөр /2026.03.09/ Азийн хөрөнгийн зах зээл хэсэгчлэн сэргэж, өмнөх өдрийн алдагдлаа нөхөж эхэлжээ.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өмнөх өдрүүдэд огцом өсөж, баррель нь 90 ам.доллар давж дөрвөн жилийн дээд түвшинд хүрээд байсан ч өчигдөр бага зэрэг буурч, 90 ам.доллараас доош орсон нь зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ. Мөн “Их долоо”-гийн орнуудын сангийн сайд нар газрын тосны үнийн огцом өсөлтийг тогтворжуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлд итгэл нэмэгдүүлэх хүчин зүйл болсон байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ирантай холбоотой мөргөлдөөнд тодорхой шийдэл гарч, дайн дуусах боломжтой талаар зарим тайлбар хийсэн нь зах зээлд тодорхой хэмжээгээр эерэг хүлээлт бий болгожээ.
Зах зээлийн үзүүлэлтүүдийн хувьд Японы Nikkei 225 индекс арилжааны эхэнд 3.3 хувиар өссөн бол Өмнөд Солонгосын Kospi индекс 6.2 хувиар өссөн байна. Харин Хонконгийн Hang Seng индекс 1.6 хувиар нэмэгдэжээ.
Сонирхуулахад, АНУ болон Израиль улс долоо хоногоос илүү хугацааны өмнө Иранд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш дэлхийн зах зээл тогтворгүй байдалд орж, олон улсын газрын тосны үнэ болон хувьцааны ханш огцом хэлбэлзэх болсон. Энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том эрчим хүчний хямралын үүсэх нэг эрсдэлийг бий болгосон гэж шинжээчид үзэж байгаа юм. Азийн хөрөнгийн зах зээл өчигдөр /2026.03.09/ тодорхой хэмжээнд сэргэсэн ч Ойрхи Дорнод дахь зөрчил үргэлжилсээр байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хэвээр үлдээж байна. Учир нь Азийн томоохон эдийн засгууд газрын тосны ихэнх хэрэгцээгээ тус бүс нутгаас хангадаг байна.
Эх сурвалж: CNN