АНУ болон Венесуэл хоёр улс дипломат болон консулын харилцаагаа дахин сэргээхээр тохиролцсон талаар албаныхан мэдэгджээ. Хоёр талын мэдэгдэлд дурдсанаар талууд бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг урагшлуулах, улс төрийн эв нэгдлийг ахиулах чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
Хоёр улсын харилцаа энэ оны нэгдүгээр сард Венесуэлийн удирдашч Николас Мадурог АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр баривчилсны дараагаас аажмаар сайжирч эхэлсэн юм. Одоо албан ёсоор дипломат харилцаагаа сэргээх тухай зарласан нь хоёр орны харилцаанд томоохон алхам болж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Н.Мадуро болон түүний эхнэрийг баривчлах ажиллагааг тушаасан бөгөөд тэднийг Манхэттен дэх шүүхэд авчирч, зэвсэг болон хар тамхины хэрэгт холбогдуулан яллах ажиллагаа явуулж байгаа.
Тэгвэл 2019 онд хаагдсан АНУ-ын Каракас дахь Элчин сайдын яам аль хэдийн дахин нээгдэж, АНУ-ын тал Венесуэлд шинэ дипломат төлөөлөгч томилсон байна. Венесуэлийн тал ч “харилцан хүндэтгэлд суурилсан бүтээлч яриа хэлэлцээний шинэ үе шат”-ыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Гэвч Каракасын мэдэгдэлд улс төрийн шилжилт эсвэл ирээдүйн сонгуулийн талаар тодорхой дурдаагүй байна. Харин АНУ Венесуэлийн иргэдийг “ардчилсан сонгуулиар сонгогдсон засаглалд тайван замаар шилжих нөхцөлийг бүрдүүлэх үе шаттай үйл явцыг дэмжихэд” анхаарч байна гэж мэдэгджээ. АНУ Венесуэлийн өмнөх удирдагч Н.Мадуро болон түүний засгийн газрын зарим гишүүнийг хууль бус уул уурхай, хар тамхины наймаа зэрэг үйл ажиллагаанд оролцсон гэмт бүлэглэл удирдсан гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Колумбын Богота хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас илүү олон дипломат ажилтныг Каракас руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын албаныханд нүүр тулан хэлэлцээ хийх, консулын үйлчилгээ үзүүлэх боломжийг хөнгөвчлөх аж. Мөн АНУ, Венесуэл хоёр улс газрын тос, уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Венесуэл нь дэлхийн хамгийн их батлагдсан газрын тосны нөөцтэй орнуудын нэг бөгөөд алт, алмаз, ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалаар баялаг юм.
Эх сурвалж: BBC