Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Идэр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.