Хо Ши Миний нэрэмжит ЕБ-ын 14 дүгээр сургуулийн дэргэдэх "Шунхлай" шатахуун түгээх станцтай холбоотой асуудлаар сурагчдын эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл өглөө.
Эцэг эхийн төлөөлөл “БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ЕБ-ын 14 дүгээр сургуультай зэрэгцэн "Шунхлай" ШТС үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн жил тус ШТС-ыг газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох захирамж гарсан байдаг. Гэтэл одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Бидэнд гашуун туршлага бий. Өнгөрсөн жил гарсан Дүнжингаравын дэлбэрэлтийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. БЗД-т сургуультай маш ойрхон үйл ажиллагаа явуулдаг таван ШТС байна. Энэ дундаас ЕБ-ын 14 сургууль хамгийн аюултай нөхцөл байдалтай байдаг. "Шунхлай" ШТС нийгмийн хариуцлагын хүрээнд одоо үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй байна. Тус ШТС-тай харалдаа ангийн хүүхдүүд бол байнга бензин үнэртдэг, толгой өвддөг гэдэг. БЗД-ийн 13-р хорооны засаг дарга энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Талархал илэрхийлье. Цаасан дээр гарсан захирамж гарчихсан байхад үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа учир хэвлэлийн хурал хийж байна” гэлээ.