E-Mongolia: “Atticus Partners” компанитай ямар нэгэн хэлбэрээр огт хамтарч ажиллаж байгаагүй

E-Mongolia: “Atticus Partners” компанитай ямар нэгэн хэлбэрээр огт хамтарч ажиллаж байгаагүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн амралтын өдөр "Эрдэнэс Оюутолгой компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж, “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Хэро энтертайнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон" гэх ноцтой баримт дэлгэсэн.

Уг мэдээллийн хариуд тус Atticus Partners Ltd компани "ЦХИХХЯ-ны ажлыг сурталчлан E-Mongolia платформ болон дижитал засаглалын стратегийг олон улсад танилцуулахад дэмжлэг үзүүлсэн" гэх мэдэгдэл гаргасан байдаг.

Тэгвэл “И-Монгол академи” УТҮГ нь "2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Atticus Partners” компаниас гаргасан мэдэгдэлд “E-Mongolia платформ болон түүний дижитал засаглалын стратегийг сурталчлах ажилд хамтран ажилласан” гэсэн мэдээлэл дурдагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н хөгжүүлэлт, хэвийн найдвартай ажиллагааг ханган, нэвтрүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан. “И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдснаас хойш E-Mongolia системийн хөгжүүлэлт, сурталчилгааны ямар нэгэн хэлбэрээр тус байгууллагатай хамтран ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэж мэдэгдэл гаргажээ.