А.Амартүвшин: Ирэх сарын 1-нээс борлуулагдах хагас коксон нүүрсийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

А.Амартүвшин: Ирэх сарын 1-нээс борлуулагдах хагас коксон нүүрсийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Энэ сарын 15-наас эхлэн нийслэлийн галлагааны улирал эхэлнэ. Ингэснээр нийслэлийн 400 борлуулалтын цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлнэ. Харин ирэх сарын 1-нээс хагас кокос борлуулагдана. Ингэснээр иргэд харьцуулан хэрэглэх боломж нээгдэнэ. Энэ жилийн хувьд 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 306 мянган тонн хагас кокос борлуулна. Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэгтэй гэрээгээ хийсэн. Энэ жил гудамж талбайн нэгдүгээр цэгт бус хоёр, гуравдугаар гудамжаар борлуулна. 2025-2026 оны өвөл хагас кокосыг өргөнөөр хэрэглэх нь гэж ойлгож болно. Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн. Хагас кокосыг сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89,2 хувиар, азотын исэл 72,6 хувиар, угаарын хий 24,5 хувиар, нарийн тоосонцор 68 хувиар тус тус буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх нүүрс түлж байна. Жил тутам 15-20 мянган өрх нэмэгддэг. Энэ өвөл Улаанбаатар хотын хэмжээнд ямар нэг байдлаар түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоно. Шийдвэрийн хэрэгжилт дээр хяналт тавина. Өнгөрсөн өвөл бид нийт 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг. ААН-үүдэд мидлингийг санал болгож байгаа. Сургууль, цэцэрлэгийн газ, цахилгаан руу шилжүүлэхээр ажиллаж байна. Есдүгээр сарын 15-наас сайн карт болон гар утасны аппликейш ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. 10 дугаар сарын 15-наас зөвхөн гар утасны аппликейшн ашиглан нүүрс худалдан авдаг болно. Мидлинг буюу шахмал түлш нэг шуудай нь 25 кг. Борлуулагдах үнэ нь 3750 төгрөг байна. Шинэ хагас кокс ирэх дугаар сарын 1-нээс худалдаанд гарна. 25 кг буюу нэг шуудай нь 5000 төгрөг байна. Аюулгүй байдлын хувьд өнгөрсөн жилүүдэд 60 орчим мянган ухаалаг угаар мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулсан. Айлуудад угаарын нөхцөл байдал үүсмэгц нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр мэдээлэл ирдэг. Улмаар бид 5-7 минутын дотор арга хэмжээ авч, айл өрхүүдэд очиж, арга хэмжээ авдаг системийн хэрэгжүүлээд эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 51 өрхийг ухаалаг систем рүү оруулсан. Есдүгээр сард 61 мянган айлыг ухаалаг системд холбоно. Энэ сарын сүүлээр нийслэлийн төсөв дээр тодотгол орно. Үүний хүрээнд дахиад 45 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгч суурилуулах төсвийн хөрөнгө оруулж ирж байгаа. Ийнхүү нийслэлд гал түлж байгаа 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдоно. Ингэснээр угаардалттай холбоотой нас баралтыг бууруулж чадна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: