УДБЭТ-ын шинэ улирлын дуурийн тоглолт “Гүн Гэрийн гүнж”-ээр эхэлнэ

УДБЭТ-ын шинэ улирлын дуурийн тоглолт “Гүн Гэрийн гүнж”-ээр эхэлнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас уран бүтээлийн 63 дахь улирлын хөтөлбөрөө зарласан. Шинэ улирлын дуурийн тоглолтын нээлтээ хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Нацагдоржийн 75 насны ойг тохиолдуулан “Гүн Гэрийн гүнж” түүхэн сэдэвт дууриар эхлүүлэх юм.

Уг дуурийн хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, цомнолыг доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн Төрийн соёрхолт, СГЗ Д.Төрбат, Т.Зөнбилиг нар бичжээ.

Анх 2016 оны гуравдугаар сард УДБЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад оны Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэсэн.

Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байв. Энэ хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал цааш өрнөдөг.

Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэжээ.

Харин балетын тоглолтын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр эхлэх бөгөөд тоглолтод ОХУ-ын алдарт “Москвагийн Эзэн хааны балетын театр”-ын бүжигчид хамтрах аж.