Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дотоод хэргийн яам хооронд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах протокол”-д гарын үсэг зурлаа.
Ингэснээр хоёр улсын дотоод хэргийн яамд хооронд хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр арга туршлагаа солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулна. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны хөгжилд тодорхой ахиц гаргах ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамны харьяа “Узархив” агентлаг хоорондын хамтын ажиллагааны тухай протокол”-ыг байгууллаа. Энэ хүрээнд хоёр улсын архивын байгууллагууд өөрсдийн сан хөмрөгийг түүх, соёлын баримтаар баяжуулах зорилгоор архивын менежмент, архивын салбарт нэвтрүүлж байгаа техник технологи, архивын баримт бичгийг сэргээн засварлах, хадгалахад ашиглаж байгаа арга ажиллагааны туршлагаа хуваалцана. Мөн салбарын мэргэжилтэн харилцан солилцох, түүх, соёлын сэдвээр баримтат үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг асуудлыг тусгаад байна.