Монголын ардчилсан хувьсгалын дууч, нэрт сэтгүүлч, хөгжмийн зохиолч, “Хонх” хамтлагийн ахлагч Сосорбарамын Цогтсайханы мэндэлсэн 65 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт өнөөдөр /2025.06.20/ Чингис хаан музейд боллоо.
Нээлтийн үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Нэг намын дарангуйлал, тоталитар дэглэмийг халах, эрх чөлөөний төлөөх тэмцэлд С.Цогтсайхан агсны оруулсан үйл хэрэг үнэлшгүй их. Бид үүнийг мартах учиргүй хэмээгээд Монголын ардчилсан хувьсгалын анхдагч, Монголын ардчиллын чиглүүлэгч С.Цогтсайхан агсны гэр бүл, ардчиллын төлөө хамтран зүтгэсэн партизанууд болон маркийг баталгаажуулсан Монгол шуудангийнхандаа талархал илэрхийлье” гэлээ.
Харин С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр “Шуудангийн марканд мөнхөрнө гэдэг тэр бүр хүнд тохирдоггүй ховор завшаан. Үеийн үед дуурсагдах, дэлхийн харилцаа холбооны түвшинд танигдах онцгой үйл явдал билээ. Чингис хааныхаа нэрийг чанга хэлэхээс эмээдэг байсан цаг үед Цогоо дүү маань их хааны том хөргийг тайзандаа байрлуулаад концерт тоглож, эзэн хаандаа зориулсан “Өршөө” дуугаараа олны айдсыг үргээж байлаа. Нам засгийн бодлогыг шүүмжилбэл хатуу цээрлэл хүлээдэг тэр үед Цогтсайхан маань улс төрийн нууц бүлгэм байгуулж, эх орноо ардчилсан, эрх чөлөөт орон болгох том зорилготойгоор ухуулах хуудас тарааж амь насандаа эрсдэлтэй алхам хийж, найз нөхдийн хамт НАХЯ-нд баривчлагдан саатуулагдаж байлаа. Түүний МоАХ, АН-ыг үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн "Хонх"-ны дуугаараа нойрноос бүхнийг сэрээж, хуучин тоталитар дэглэмийн хана хэрмийг гитарын ая дуугаараа цөмлөж байгааг дүрсэлсэн агуулгыг энэхүү марканд багтаасан байна. Энэхүү маркийг бүтээхэд хамтран ажилласан "Монгол шуудан" ХК-ийн хамт олон, зөвлөхөөр ажилласан Б.Дамдинбазар, С.Цогтбаяр, гэрэл зурагчин Р.Энхбат, зураач С.Чулуунбаатар, салбарын сайдын хувиар дэмжин тусалсан УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн санхүүгийн хандив дэмжлэг үзүүлсэн Ардчилсан нам, МоАХ, ЕТГ найз нөхөд, хамаатан саднуудаа баярлалаа” хэмээв.
Монголын ардчилсан хувьсгалын дууч, нэрт сэтгүүлч, хөгжмийн зохиолч, “Хонх” хамтлагийн ахлагч Сосорбарамын Цогтсайхан нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1988 онд Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байхдаа улс төрийн “Шинэ үе” нууц бүлгэм байгуулж, эрх баригчдыг шүүмжилсэн хуудас наах зэргээр ардчилал, чөлөөт нийгмийг төлөөх тэмцлийг эхлүүлсэн билээ.
Уг марк нь С.Цогтсайхан агсны 1990 оны гэрэл зураг, чимэглэл хэсэгт Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан тэмдэг, түүний ном, уран бүтээл, 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монголын Ардчилсан холбооны анхны цуглаанд С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаа дуулж буйг, болон социалист тоталитар нийгмийн хана хэрмийг ганган хонхны царийн дууны хүүгээр нурааж Монголын тэнгэрт ардчиллын туг мандлаа гэсэн агуулгыг дүрслэн илэрхийлжээ.