СУРВАЛЖИЛГА: Дуу чимээний бохирдол их үүсгэж, стандарт зөрчиж байгаа мотоциклыг шөнийн цагаар зорчуулдаггүй болгоно /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Дуу чимээний бохирдол их үүсгэж, стандарт зөрчиж байгаа мотоциклыг шөнийн цагаар зорчуулдаггүй болгоно /ВИДЕО/

Урин дулааны улирал ирж, мотоциклчид замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Гэвч тэдний тоноглосон мотоцикль хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их дуу чимээний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөг үзүүлж байна. Хариуцах төрийн байгууллагагүй, иргэд стандартаа мөрддөггүй байдал ямар сөрөг нөлөө дагуулж байгааг сурвалжиллаа.  

ВИДЕО:

-ГАДНА ОРЧНЫ ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ 10 ДЕЦИБЕЛЭЭР НЭМЭГДЭХЭД АХМАДУУД ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨР НАС БАРАХ ТОХИОЛДОЛ ДӨРВӨН ХУВИАР НЭМЭГДДЭГ-

Нийгмийн эрүүл мэндийн төвөөс дуу чимээний бохирдлыг агаарын бохирдлын дараа орох нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэгч гэж тодорхойлжээ. Тодруулбал, тус төвөөс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан 2010, 2018, 2024 онд нийслэлийн төв зам дагуух дуу чимээний бохирдолд судалгаа хийжээ. Хамгийн сүүлийн буюу 2024 оны судалгаагаар нийслэлд 12-14 цагийн үед дуу чимээний бохирдол хамгийн ихдээ 100 децибел хүрдэг. Харин шөнө 23-01 цагийн хооронд хамгийн ихдээ 90 децибел болдог байна. Энэ нь иргэдэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, 65 децибелээс дээш дуу чимээний бохирдолтой орчинд амьдардаг иргэд цусны даралт ихсэх өвчин тусах магадлал өндөрт тооцогддог.

Энэ талаар НЭМҮТ-ИЙН Агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мягмардорж тодруулахад  Иргэд стандарт мөрдөхгүй байснаар үүсэх дуу чимээний бохирдол нь хамгийн түрүүнд хүний сонсгол гэмтээх буюу сонсгол буурах өвчин үүсгэнэ. Цаашлаад цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цусан харвалт зэрэг өвчний үндэс болдог. Мөн хүн байнгын стресс бухимдалтай болж, сэтгэл түгшилт үүсгэдэг. Сургуулийн орчинд дуу чимээний бохирдол их байх нь хүүхдийн сурлагад хүртэл нөлөөлдөг. Хамгийн гол нь хүний бодисын солилцоонд нөлөөлж, дархлаа сулардаг. Ингэснээр олон өвчний суурь үүснэ гэсэн үг. Олон улс болон манай байгууллагын хийсэн судалгаагаар гадна орчны дуу чимээний бохирдол 10 децибелээр нэмэгдэхэд 65 наснаас дээш насны хүний зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол дөрвөн хувиар нэмэгддэг гэсэн тоо бий. Энэ нийгмийн чухал асуудал манай улсын иргэдийн хувьд шинэ ойлголт хэвээр байна. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хүч суларсан” гэв.

-Г.ОТГОНТАМИР: ИРГЭД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЯНДАНГ МОНГОЛЧИЛЖ, ТОНОГЛОЖ СТАНДАРТ ЗӨРЧИЖ, ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДОЛ ИХ ҮҮСГЭЖ БАЙНА-

Дуу чимээний бохирдол ихээр үүсгэж байгаа тоноглогдсон мотоциклуудад ямар стандарт тавьдаг, ямар хариуцлага тооцдог, хэрхэн зохицуулах вэ гэх асуулт гарна. Авто тээврийн үндэсний төвөөс мотоцикл, автомашинд ижил стандарт тавьдаг. Яндангаас гарах дуу чимээний түвшин MNS:4599 стандартын дагуу 40-45 децибел байх ёстой. Авто тээврийн үндэсний төв стандарт шаардлага хангасан мотоциклыг бүртгэж, гэрчилгээ олгодог. Улмаар техникийн үзлэгийг зохион байгуулдаг. Гэтэл иргэд гэрчилгээгээ авсан болон техникийн үзлэгтээ орсноос хойш мотоциклоо тоноглох нэрийдлээр өндөр дуутай яндан тавьдаг. Энэ нь их хэмжээний дуу чимээний бохирдол үүсгэдэг шалтгаан гэж үзэж байна.

ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Сүүлийн үед хэт чанга дуутай, ядангийн дуу зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тээврийн хэрэгсэл, мотоцикл их явж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд цагдаагийн байгууллага тогтмол хяналт, шалгалт тавьж ажиллаж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 234 зөрчлийг илрүүлж, таслан зогсоосон. Иргэд тээврийн хэрэгслийн янданг монголчилж, тоноглож дуу чимээний бохирдол үүсгэж байгаа тохиолдол их байна. Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба хяналт тавьж ажилладаг. Энд гудамж замын алба хаагчид зөрчилд арга хэмжээ авахаас гадна иргэдийн гомдол мэдээллийн дагуу ажилладаг гэсэн үг. Энэ төрлийн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 50 нэгжээр торгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авч, нийслэл болон орон нутгийн оношилгооны төвд хүргэж өгдөг” гэлээ.

-ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДЛЫН АСУУДАЛ МХЕГ ТАТАН БУУГДСАНААР ХАРЬЯАЛАГДАХ ГАЗАРГҮЙ БОЛЖЭЭ-

Манай улсын хэмжээнд дуу чимээний бохирдлын асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцан ажилладаг байсан. Гэтэл тус байгууллага татан буугдсанаар тус асуудлыг хариуцах газаргүй өдийг хүрчээ. Үүнийг эх сурвалжууд ч баталж байна. Харин Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлага өнгөрсөн оны 10 сард солигдсон үеэс дуу чимээний бохирдлын асуудал энэ газарт харьяалагдаж эхэлсэн байна. Тус байгууллага одоо л  дуу чимээний бохирдол хэмжих шинэ багаж авах тендер зарлаж, мэргэжилтний орон тоотой болохоор ажиллаж байгаа аж. 

Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Манай байгууллага дотоод орчин, дуу чимээ, агаарын чанар гэж тус тусад нь стандарт батлуулах саналаа Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлсэн. Мөн цаашид дуу чимээний бохирдол ихээр үүсгэж байгаа барилга, караоке, авто тээврийн хэрэгсэл, мотоциклийн стандартыг тус тусад нь нарийн тогтоож өгөхөөр төлөвлөж байна. Бидний тэргүүн чиглэл бол стандартыг мөрдүүлэх. Мотоциклчид яндангаас гарах дуу чимээ өндөр байх ёстой. Энэ нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдал талаасаа зөв гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэхдээ манай байгууллага мотоциклийн дуу чимээнд тавих стандартыг нарийн баталж, 22 цагаас хойш зохих дуу чимээг давсан мотоциклыг явуулахгүй байх арга хэмжээ авна гэж төлөвлөсөн” гэсэн юм.

ДЭМБ хотын дуу чимээний стандартыг өдрийн цагт 60 децибел, шөнийн цагт 40 децибел гэж тогтоосон байдаг. Гэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад үүнээс ч бага байх ёстой. Гэтэл манай улсад дуу чимээний бохирдлын асуудал шинэ ойлголт хэвээр байна.