Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-ний өдрийн 04:30 минутад алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2023 оны Төрийн наадмын нээлт, 2024 оны морьт харвааны улсын аваргад унаж, олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор тусгайлан сургасан 18 адууг хулгайч нар бүгдийг нь төхөөрчээ.
Тодруулбал, тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Одоогоор морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Уг хэргийг 18-29 насны зургаан этгээд үйлдсэн байж болзошгүй байна. Энэ тухай морь сургагч олон нийтийн сүлжээнд “Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад, махалжээ. 7 жил хөдөлмөрлөж, хайрлаж, хамгаалж, үнэнч андаа болгосон байсан юмсан. Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж, морь унаж, эдлэх соёлд дурлуулж, олон морьт харвааны тамирчдыг төрүүлсэн хайран сайхан хүлгүүд минь. Монголоо Дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан” гэж бичжээ.