Өнөөдөр /2025.06.11/ зуны тэргүүн сарын шинийн 15 Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Манай улс 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амардаг байхаар хуульчилсан. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулж бид Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуутай ярилцлаа.
ВИДЕО:
-Бурхан багшийн дүйчин өдрийг бүх нийтээр баяр, амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ач холбогдол үнэ цэнийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр манай улсад байгаа шашин шүтлэгтэй иргэдийн 90 орчим хувь нь өөрийгөө Бурханы шашинтай гэж томьёолсон байдаг. Гэвч бидний дийлэнх нь Бурханы шашинтай атлаа Бурханы шашныхаа утга учрыг ойлгож мэдэх нь бага болоод байгаа болохоор л энэ өдөр тун их ач холбогдолтой болоод байгаа юм.
-Энэ өдрийг та ёс суртахууны баяр хэмээн тодорхойлсон. Өнөөгийн нийгэм, олон нийтийн ёс суртахууныг та ямар байна гэж харж байна вэ?
- Бурханы шашин бол монголчуудын үндэсний хэмжээний шашин гэдэг нь гарцаагүй. Үндэсний хэмжээний шашин болоод ирэхээр үүнийг дагаад хариуцлага нэмэгддэг. Өдийг хүртэл дэлхийн аль ч оронд массын хэмжээнд ёс суртахууныг бүтээдэг өөр зүйл бий болоогүй байна. Англи, Америк, ОХУ аль ч улс оронд өөрийнх нь уламжлалт шашин нийт ард иргэдээ сайн сайханд итгүүлэх, муу муухай үйлээс татгалзахыг ятган ухуулдаг гол зүйл нь болоод байна.
Нөгөө талаасаа монголчууд бидний ёс суртахуун түвшин түвшиндээ хэр байгаа билээ. Бид үнэхээр сайхан нийгмийг бүтээж чадах уу, чадахгүй юу. Сайхан нийгмийг бүтээе гэхэд тэр нь ид шидээр тэнгэрээс буугаад ирдэг зүйл биш.
Сайхан нийгмийг бүтээж, цогцлоож чадахгүй байгаа нь чөтгөр шулмын хорлол гэхээсээ илүү бидний сэтгэлээс үүдэж, элдэв муу муухай зүйлийг өдөөж байгаа юм. Шударга үнэн тогтолцоог бий болгоход саад болж буй нь ч үүнтэй холбоотой.
-БУРХАНЫ ШАШИНТАЙ ХҮН ГЭЖ БУРХАНЫ ЭРХЭМ ДЭЭД СУРГААЛИАС “БИ ЮУН ТУЛД АМЬДАРЧ БАЙГАА БИЛЭЭ, ЮУГ ЭРХЭМЛЭХ ВЭ” ГЭДЭГ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ОЛЖ АВЧ БАЙГАА ХҮНИЙГ ХЭЛНЭ-
-Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ яагаад ингэж дор оров?
-Шашин бол хүн төрөлхтний, олон нийтийн ёс суртахууны асуудлыг өдий хүртэл шийдэж ирсэн ганц зүйл. Бурханы шашин бол муу үйлийг хийхгүй байхыг хичээх, зөв сайнд итгэх, зөв сайныг хичээхийн нэр юм. Үүний тулд хүн өөрийнхөө сэтгэлийг тольдож, мууг нь засч, сайныг нь хөгжүүлэхэд оршиж байдаг. Ганцхан Бурханы шашин ч биш. Христийн шашинтнууд, исламын шашинтнууд, бөө мөргөлтнүүд сургааль номлолоо дагаж зөв зүйтэй амьдралыг сонгохыг хичээдэг. Өнөөдөр монголчуудын үнэмлэхүй олонх нь Бурханы шашныг шүтэж байгаа. Харамсалтай нь манай улс 60, 70 жилийн турш Бурханы шашныг нухчин дарж, энэ үед хийсэн суртал ухуулга, доромжлол, гүтгэлгүүд нь одоог хүртэл нөлөөгөө үзүүлсээр байна.
-Бурханы шашинтнууд, ард олон Бурхан багшийн дүйчин өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлбэл зохих вэ?
-Бурхан багшийн дүйчин өдөр бид юу хийх вэ гэвэл нэн тэргүүнд сүсэгтэн, бурханы шашинтан та өөрийн сэтгэл рүүгээ өнгийх учиртай. Ёс суртахууны хэмжүүрээр “Би ер нь ямар байна даа” гэж өөрийгөө тольдох өдөр. Зөвийг хэр хийж байна, бурууг хэр хийж байна. “Бурууг үйлдэж байгаа бол багасгахыг хичээж, зөв рүү тэмүүлье” гэж өөртэйгээ ярилцаж, тунгаах учиртай.
Бурханы шашинтан гэдэг бол санамсаргүй байдлаар хүрд эргүүлж байгаа хүнийг хэлэхгүй. Бурханы шашинтай хүн гэж Бурханы эрхэм дээд сургаалиас би юун тулд амьдарч байгаа вэ, юуг эрхэмлэх вэ гэдэг үнэт зүйлээ олж авч байгаа хүнийг хэлнэ. Бурханы шашинтай хүний хувьд энэ өдөр өндөр ач холбогдолтой баярын өдөр.
Баяр бүхэн өөрийн онцлог, хэв шинж, утга агуулгатай байдаг. Бурхан Багшийн дүйчин өдөр бол ёс суртахууны баяр юм. Үүнийг энэрэл нигүүлсэх баярын өдөр гэж хэлж болно. Зөв сайнд итгэх баярын өдөр гэж хэлж болно. Бусдад туслах өгөх өдөр гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл энэ өдөр бид Бурханы шашин гэдэг чинь ёс суртахуун юм шүү дээ гэдгийг л тал бүртээ ойлгож, тал бүртээ ярилцах хэрэгтэй байна.