Нарны гүүрний баруун талын туслах замаас Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр /2025.06.06/ 06:00 цагаас нээлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Гоц тех инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 самосвал, 8 машин механизмаар уг ажлыг гүйцэтгэсэн байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, БГД-ийн багц хоёр ажлын хүрээнд нийт дөрвөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар НЗХГ-ын Авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбатаас тодрууллаа.
Тэрбээр “Багц хоёр ажлын дөрөв дэх байршил буюу БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Нарны гүүрний баруун талын туслах гудамж замаас УБТЗ-ын автобусны эцсийн зогсоол буюу вокзалын автобусны буудал хүртэлх 0.73км авто замын засвар шинэчлэлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Замын зорчих хэсгийг энэ сарын 4-ний 23 цагт хаасан бөгөөд маргааш буюу сарын 6-ны өглөө 06 цагт нээнэ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 6.5 метр, явган замыг 2.5-аас 1.8 метрийн өргөн болгох ба авто зам, явган хүний замыг төмөр шонгоор тусгаарлана. Мөн долоон байршилд дагуу чиглэлтэй зогсоол, гурван байршилд шингээх худаг шинээр хийж байна” гэлээ.