"ДЦС-3"-т гарсан ослын улмаас Улаанбаатар хот ирэх өвөл хөлдөх эрсдэл үүссэнийг Хотын дарга Х.Нямбаатар баталлаа

"ДЦС-3"-т гарсан ослын улмаас Улаанбаатар хот ирэх өвөл хөлдөх эрсдэл үүссэнийг Хотын дарга Х.Нямбаатар баталлаа

“ДЦС-3”-ын ганц шинэ генератор нь дэлбэрч, засварлах боломжгүй болсон тул Улаанбаатар ирэх өвөл хөлдөх эрсдэлд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, тухайн үед тус газарт ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Х осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн тус цехэд ажиллаж байсан, ээлжийн дарга, 39 настай Т.Б галд угаартан, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа.

Түүнчлэн ослын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн нь ирэх өвөл Улаанбаатар хөлдөх эрсдэлийг үүсгэсэн юм. Тэгвэл үүнийг Хотын дарга Х.Нямбаатар баталж, цахим хаягаараа дараах мэдээллийг түгээжээ.

Тэрбээр "2025 оны зургаадугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна. Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ. Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа. Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" хэмээжээ.