НПГ: Сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар худалдан борлуулсан дөрвөн үйлдлийг шалгаж байна

НПГ: Сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар худалдан борлуулсан дөрвөн үйлдлийг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран нэгдсэн удирдамжийн дагуу “Мансууруулах эмийн эргэлтэд  хяналт тавих” шалгалтыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Шалгалтын хүрээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалагддаг мансууруулах эмийн орлого, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээтэй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг нийт 17 байгууллагад шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн. Мөн мансуурах зорилгоор сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар олж авч хэрэглэсэн, жоргүйгээр бусдад худалдан борлуулсан зөрчлийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор гурван байгууллагад прокурорын мэдэгдлийг бичиж, хүргүүлээд байна" гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн прокурорын газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний эмч, эмнэлгийн ажилтнуудад мансууруулах эмийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн байна. Сургалтад нийт  170 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагджээ.

Б.МӨНХСАЙХАН