Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амарна

Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амарна

Энэ жилийн Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохиож буй.

Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм. Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.  Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэл явдал мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт шамдах хэрэгтэй аж.

Энэ өдөр хилийн боомтууд мөн амарна. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Тэс, Ульхан, Боршоо, Арцсуурь зэрэг автозамын дөрвөн боомт 1, 11, 12, 13, 14-ны өдөр амрах хуваарьтай байна. Түүнчлэн Цагааннуур, Ханх боомт 11-13-нд амрах ажээ. Тэгвэл БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг автозамын боомт амрах юм байна.  Харин ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, БНХАУ-тай хиллэх Булган авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн БНХАУ-тай хиллэдэг Даян боомт зургаадугаар сарын 1-20, зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 10-нд ажиллах хуваарьтай байна. Түүнчлэн Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон Агаарын замын боомт хуваарийн дагуу ажиллана.