Төрийн банкнаас ногоон хөгжлийг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааныхаа цар хүрээг тэлж 21 аймагт зохион байгуулж эхэллээ.
Тус үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Хөгжимт жүжгийн театр”-т 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр буюу өнөөдөр зохион байгуулснаар ногоон технологийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан эхний аймаг боллоо. Төрийн банк нь бэлтгэн нийлүүлэгчдэд байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах боломж олгож, нөгөө талаас харилцагчид байгальд ээлтэй, сүүлийн үеийн, дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлийг газар дээр нь шийдвэрлүүлэн авах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог юм.
Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотоос сэргээгдэх эрчим хүч, дулаалгын болон эко тээврийн хэрэгслийн бэлтгэн нийлүүлэгчид хүрэлцэн ирж оролцож байгаагаас гадна Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тогтвортой хөгжилд чиглэсэн бизнес эрхлэгчдийг хамруулж байгаа гэдгээрээ давуу талтай.
Банкны зүгээс үзэсгэлэн худалдааны үеэр харилцагчдад Тогтвортой хөгжлийн ач холбогдлыг таниулах, Тогтвортой санхүүжилтийн талаарх мэдлэг олгон ажиллаж байна.
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдах аж.
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк