Өнөөдөр /2025.04.28/ 10:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Залуучуудын театрт “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “Хог хаягдлын олимп, боловсролын хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх уулзалт зохион байгуулагдаж байна.
Тус төсөл нь Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуульд амжилттай хэрэгжиж, сурагчдын хог хаягдлыг зөв ангилж, дахин ашиглах дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. “3R” гэдэг нь Reduce (Бууруулах), Reuse (Дахин хэрэглэх), Recycle (Дахин боловсруулах) гэсэн гурван үндсэн зарчмыг илэрхийлдэг бөгөөд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой.
Уулзалтад төслийн баг, оролцсон сургуулийн багш, сурагчид болон орон нутгийн удирдлагууд оролцож, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сурагчдын зан төлөвт гарсан эерэг өөрчлөлтүүд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож байна. Төслийн хэрэгжилт нь зөвхөн сургуулиудын хүрээнд зогсохгүй, ирээдүйд өргөжиж Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдлын боловсруулалтын тогтвортой шийдлийг бүрдүүлэх суурь болох зорилготой ажээ.