Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн баасан гарагт /2025.04.25/ Хөшигийн хөндийд болсон билээ.
Энэхүү төсөл нь Нийслэл Улаанбаатар хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Хүннү хотыг шинээр байгуулах эхлэл болж буйгаараа онцгой ач холбогдолтой төдийгүй орчин үеийн логистикийн 5PL стандартад нийцсэн ачаа, тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотын ачаа тээврийн үндсэн зангилааг Богд уулын урд хэсгээр тойруулах үндсэн шийдлийн нэг болж байгаагаараа онцлог гэдгийг албаныхан тодотгож буй. Уг бүтээн байгуулалтын ажлыг ч иргэд талархан хүлээн авч, алга ташиж байгаа.
Гэтэл тухайн төслийг албаныхан ихэд яарч, иргэдийн тархийг угаасан дүр зураг бий болгож, нээв.
Ийн өгүүлэхийн учир нь Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн нээлтийн үеэр тус газарт аваачсан байсан техник хэрэгслүүдийг Зам тээврийн яам, "Монголын төмөрзам" ТӨХК-ийнхан "хүчээр" тэнд авчруулсан байна.
Тодотговол, Зам тээврийн яамныхан өнгөрсөн долоо хоногт автозамын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзаад, тухайн төслийн нээлтийн арга хэмжээнд оролцохыг "шаардсан" байгаа юм. Ингэхдээ тухайн байгууллагуудыг төслийн нээлтэд очихдоо өөрсдийн техник хэрэгслээ авч очихыг "үүрэгдсэн" аж. Үүнийг нь ч "Монголын төмөрзам" ТӨХК-иас баталгаажуулж, нээлтийн үйл ажиллагаанд оролцох компаниудыг хэдэн хүнтэй, ямар техник хэрэгсэлтэйгээр очих талаарх асуулгыг онлайнаар авч, баталгаажуулжээ.
Хамгийн ноцтой тэд хувийн компаниудыг том оврын техник хэрэгслийнхээ түлш, зардлыг өөрсдөө хариуцаад нээлтэд оч гэсэн байгаа юм.
Үүнээс "салбар яам болон "Монголын төмөрзам" ТӨХК яагаад хувийн хэвшлийн компаниудыг техник хэрэгсэлтэйгээ төслийн нээлтэд оролцохыг тушаав" гэх асуулт гарч байгаа юм. Тэгвэл, "Монголын төмөрзам" ТӨХК Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн эхний ажил болох газар шорооны ажлын техникийн ерөнхий шаардлагыг нь энэ сарын 04-ний өдөр баталж, улмаар тендер зарласан байх бөгөөд уг тендерээ төслийн нээлт хийсэн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн оройны 17:20 минутад нээсэн байх аж.
Товчхондоо төслийн нээлтээ хийсний дараа ажил гүйцэтгэх тендерээ нээсэн байгаа юм.
Угтаа тендер сонгон шалгаруулалтаа хийж, ажил гүйцэтгэх компаниуд нь тодорхой болсны дараа тэдгээр компаниуд нь тенхик хэрэгсэлтэйгээ очиж, магадгүй ажил нь эхлэхэд төслийн нээлтээ хийх учиртай байжээ. Гэтэл тэд тэгсэнгүй. яарав. Товчхондоо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ач холбогдол өгч, нээсэн тухайн төслийг "гоё" харагдуулахын тулд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хувийн хэвшлүүдийг хүчээр тухайн нээлтэд оролцуулжээ. Харин энэ мэт дүр эсгэсэн нээлт цаашид иймэрхүү байдлаар үргэлжилсээр байх уу, эсвэл магадгүй үүний цаана ямар нэгэн эрх ашиг, сонирхол байв уу гэдэг нь ч анхаарал татаж, хариултаа нэхэж үлдэв.