Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, Тайвань, хиймэл оюун ухааны асуудлаар байр сууриа солилцсон ч томоохон ахиц гарсангүй 

Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, Тайвань, хиймэл оюун ухааны асуудлаар байр сууриа солилцсон ч томоохон ахиц гарсангүй 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Цагаан ордонд хүлээн авч, хоёр улсын харилцааны асуудлаар дээд хэмжээний уулзалт хийсэн. 

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтай нар оролцсон төрийн оройн зоог зохион байгуулсан байна. Оройн зоогт Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, Alphabet-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, Tesla-ийн Илон Маск, Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан зэрэг технологийн салбарын удирдлагууд оролцжээ.

Гэвч хоёр тал хиймэл оюун ухаан, худалдаа, Тайвань болон Ирантай холбоотой асуудлаар томоохон тохиролцоонд хүрсэн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.

Ши Жиньпин уулзалтын үеэр АНУ-ыг “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэхийг уриалсан талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Мөн АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудлыг Бээжин анхааралтай ажиглаж байгаа юм. Тодруулбал, Д.Трамп өнгөрсөн тавдугаар сард Хятадад айлчилсныхаа дараа Тайваньд нийлүүлэхээр төлөвлөж байсан 14 тэрбум орчим ам.долларын зэвсгийн багцыг түр хойшлуулснаа мэдэгдэж, үүнийг “маш сайн хэлэлцээний хөшүүрэг” гэж нэрлэж байжээ. Харин Ши Жиньпин хоёр улсын ашиг сонирхол гүнзгий холбоотой бөгөөд хоёр орны өрсөлдөөн “эрүүл өрсөлдөөн” байх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн хоёр улсын цэргийн байгууллагууд хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол харилцаатай байх шаардлагатайг онцолжээ.

Уулзалтын үеэр хиймэл оюун ухааны асуудлыг мөн хөндсөн байна. Ши Жиньпин хиймэл оюун ухааны хөгжлийг “үргэлж хүний хяналтад байлгах” ёстой гэж мэдэгджээ. Харин хоёр улсын хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөн ширүүн хэвээр байгаа тул энэ чиглэлд бэлгэдлийн чанартай тохиролцооноос цааш ахих боломж хязгаарлагдмал гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна Ши Жиньпин АНУ, Иран хоёр гал зогсоох хэлэлцээг сэргээж, улмаар энхийн гэрээ байгуулах хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин уулзалтын дараа хоёр тал “олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн” бөгөөд энэ нь Хятад, АНУ-ын харилцаанд “стратегийн шинэ чиглэл” өгсөн гэж мэдэгдсэн ч ямар асуудлаар тохиролцсоныг тодорхой тайлбарлаагүй байна. Харин Трамп Ши Жиньпинтэй харилцах “үнэхээр сайхан нөхөрлөл”-өө онцолж, хоёр улс худалдааны харилцаанд ахиц гаргасныг тэмдэглэжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр уулзалт нь хоёр улсын харилцаанд тогтвортой байдлыг бий болгох гэсэн хоёр талын оролдлого байсан боловч худалдаа, Тайвань, хиймэл оюун ухаан зэрэг маргаантай асуудлуудаар томоохон шийдэлд хүрсэн шинж одоогоор ажиглагдаагүй байна.