СУРВАЛЖИЛГА: Туулын Хар усан тохой орчимд харагдсан нас гүйцсэн баавгай Гачуурт чиглэлд зугтаасан бөгөөд гол дагуу буусан иргэдийг нүүлгэн шилжүүллээ

СУРВАЛЖИЛГА: Туулын Хар усан тохой орчимд харагдсан нас гүйцсэн баавгай Гачуурт чиглэлд зугтаасан бөгөөд гол дагуу буусан иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Энэ онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад баавгай суурьшлын баавгай бүсэд орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдсэн. Харин сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын ойр орчимд баавгай орж ирсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар албаны хүмүүс болон иргэд хувийн цахим сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байдаг. Тэгвэл ISee.mn сайтын сурвалжлах баг энэ удаа “Баянзүрхийн товчоо орчим, Туул голын Хар усан тохой гэх газарт баавгай орж ирсэн” гэх дуудлагын дагуу баавгайтай таарсан хүн болон НБОГ-ын мэргэжилтнүүд хэрхэн эрэн хайх ажиллагааг хийж байгаа талаар газар дээрээс нь сурвалжиллаа. Энэхүү сурвалжилгыг иргэддээ сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв.

ВИДЕО:

Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарт “Баянзүрхийн товчоо орчим, Туул голын Хар усан тохой гэх газарт баавгай орж ирсэн” гэх дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу НБОГ-ын мэргэжилтнүүд эрэн хайх ажиллагааг явуулж Туул голын бургас зэргийг самнаж хайсан боловч үд дунд болтол ямар нэгэн ул мөр олдоогүй байдаг.

Манай сурвалжлах баг 2026 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 13.20 минут орчимд эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа Туул голын Хар усан тохойд очсон юм. Мэргэжилтнүүдийн хувьд очсон даруйдаа шуурхай арга хэмжээ авч, бургасанд буудалж байсан “Аялал жуулчлалын олимпиад”-д оролцож байсан 100 орчим оюутнуудыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байлаа. Анх 10.00 орчим цагийн үед дуудлага өгсөн хүн эдгээр оюутнуудын нэг бөгөөд “Бусдаасаа хамгийн түрүүнд ирээд отоглох газар майхнаа засаж байтал нохой хуцаад байхаар нь очоод хартал том баавгай байсан” гэв. Ийн очиж харахдаа НБОГ руу дуудлага мэдээлэл хүргэсэн бөгөөд утсаараа бичлэг хийж цахим сүлжээнд байршуулсан байна.

ВИДЕО:

Баавгайг анх харж,  дуудлага өгсөн залууг ХУИС-ийн 3-р курсийн оюутан Т.Жавхлан гэдэг. Түүний хувьд анх хараад айсан, дуудлага өгөх гэсэн боловч дугаар мэдэхгүй байсан” хэмээсэн байдаг. Тэрбээр, “Нохой хуцаад ердөө зогсохгүй байсан. Тэгээд би өмнөх өдөр нь Хар усан тохой гэдэг газар баавгай явж гэх бичлэг үзсэн байсан болохоор баавгай байж магадгүй гэж бодсон. Нохой хуцаж байсан газар очоод эргэн тойрноо ажиглатал нэг том хар зүйл харагдсан. Хамт явсан хүмүүсдээ энд баавгай байна гэж хэлээд эргээд ирэхэд 10-20 орчим метр ойртоод ирчих байсан. Тухайн үедээ айсан, мөн хаашаа дуудлага өгдөг гэдгийг мэдэхгүй байсан болохоор 102 руу залгаад НБОГ-ын дугаарыг авсан. НБОГ мэргэжилтэн, “Хамт яваа хүмүүс болон өөрөө машиндаа суу” гэх зөвлөгөөний дагуу оюутнуудад анхааруулчихаад эргээд иртэл баавгай байхгүй болсон байсан. Маш том баавгай байсан. Гэхдээ надад айсан, ядарсан юм шиг харагдсан” гэв.

Та хэрэв баавгайтай таарсан тохиолдолд ажлын цагаар НБОГ-ын 72720303 дугаар руу, ажлын бус цагаар 11310005 дугаар руу холбогдож нэн түрүүнд дуудлага, мэдээллээ өгөх боломжтой.

Энэ талаар “Аялал жуулчлалын олимпиад”-д оролцож байгаа оюутнуудын хариуцаж байсан МУБИС-ийн багш Д.Батболд, “10 цаг орчмын үед манай оюутнууд баавгай харлаа гээд зургийг над руу явуулсан. Ингээд НБОГ руу холбогдож, өгсөн дуудлагын дагуу хурдан шуурхай ирж биднийг бургасан дундаас гарч ил газар яаралтай гарахыг зөвлөсөн. Өнөөдөр өглөө мөн 2 бамбаруушны дуудлага бидний отоглож байсан газраас ойрхон газраас ирсэн байна лээ. Тэгэхээр энэ хавьд хэдэн хэдэн баавгайг байж болзошгүйг бидэнд анхааруулсан. Араатан амьтан бол маш аюултай. Малчид гэлтгүй Улаанбаатар хотын иргэд ч гэсэн сонор сэрэмжтэй байхгүй бол аюултай байна шүү гэж зөвлөмөөр байна” хэмээлээ.

Баавгайн үнэрлэх чадвар сайн учраас хот орчим гаргаж үлдээсэн хоолны хаягдал, тарвас зэрэг жимсний үлдэгдлүүдийн үнэрээр хот руу улам бүр дөхөөд байж магадгүй талаар мэргэжилтнүүд ярьсан байдаг. Баавгай Улаанбаатар хотын ойр орчимд үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл 2018-2025 оны хооронд ердөө нийт дөрөв бүртгэгдэж байжээ. Тодруулбал, 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг дуудлага бүртгэгдсэнээс хойш 2025 он дуустал нэг ч дуудлага бүртгэгдээгүй байна. Гэтэл энэ оны хувьд нийслэл хотод орчмоор баавгай орж ирсэн гэх мэдээлэл 10 гаруй бүртгэгдээд байгаа аж. 

НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд, “Өнөөдрийн эрэн хайж буй баавгай том биетэй, нас гүйцсэн баавгай байна. Хот руу маш ойрхон баавгай ороод ирсэн учраас иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй. Хэрэв та баавгайтай таарсан бол бичлэг хийхгүй дуудлага өгөх хэрэгтэй байна. Хүмүүс таарсан мөртлөө зүгээр л бичлэг хийж, цахим хуудасдаа нийтэлчихээд орхиод байна. Ингэснээр маш их хугацаа алдаж харсан баавгай нь байрлалаа солиод, үргээд явчихаад байна. Харсан даруйдаа ажлын цагаар ажлын цагаар НБОГ-ын 72720303 дугаар руу, ажлын бус цагаар 11310005, миний дугаар 91064466 болон 91162226, 85550746 дугаар руу яаралтай мэдэгдээрэй. Зарим хүмүүс морьтой, мотоциклтой араас нь дагаад бичлэг хийгээд явж байна. Энэ бол араатан амьтан болохоос биш нохой биш шүү дээ. Тэр бугуйлдаж хүлсэн гээд байгаа баавгайнууд бүгд бамбарууш байсан. Хэрэв том баавгайг бугуйлдах юм бол татаж дйилэхгүй бугуйландаа чирэгдэнэ эсвэл тухайн амьтандаа бариулах ч аюултай. Иргэд та бүхэн Улаанбаатар орчмын ногоон байгууламжтай хэсгээр хэсэг хугацаанд зорчихгүй байх, орой үдшийн цагаар ганцаар явахгүй байхыг зөвлөмөөр байна” гэлээ.