Н.Батсуурь аваргаас илэрч байсан "Триметазидини" гэх допингийн төрлийн бодис “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчнаас илэрчээ

Н.Батсуурь аваргаас илэрч байсан "Триметазидини" гэх допингийн төрлийн бодис “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчнаас илэрчээ

Өнгөрсөн хавар буюу 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин илэрч, шинжилгээний сөрөг дүн тогтоогдсон байна. 

Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис аж.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байгаа гэдгийг мэдээллээ. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй. Ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох шийдвэр болон үр дагаврыг дүрэмд заасан хүрээнд олон нийтэд мэдээлэх аж. 

Ташрамд өгүүлэхэд, Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос илэрсэн Триметазидин гэх бодис өмнө нь 2020 оны Улсын баяр наадамд үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсууриас илэрч байсан хориотой бодис юм. Тухайн үед Улсын аварга Н.Батсуурь "Допингийн шинжилгээний хариуг өөрийн биеэр зарлаж байна. Долдугаар сарын 12-нд би наадмаар үзүүрлэж, “Тод сайхан” гэж чимэг авсан. Харин допингийн шинжилгээгээр миний биеэс "Триметазидини" гэх бодис илэрсэн байна. Энэ хариуг би зөв гэж үзэж байна. Энэ эм бол допингийн төрөлд багтдаг эм юм байна. Лабораторийн шинжилгээтэй би маргахгүй. Иймээс би хариуцлагаа хүлээнэ" хэмээгээд нийт бөх сонирхогч монголчуудаасаа уучлалт хүсэж байсан юм.