Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, технологийн хязгаарлалтаас гадна Тайвань, Ираны асуудлыг хэлэлцэнэ

Д.Трамп, Ши Жиньпин нар худалдаа, технологийн хязгаарлалтаас гадна Тайвань, Ираны асуудлыг хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр /2026.09.24/ Вашингтонд уулзаж байна.

Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал нь 2015 оноос хойш Вашингтонд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нар энэ онд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа юм. Ши Жиньпинийг АНУ-д хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар түүнийг Вашингтоны ойролцоох Joint Base Andrews нисэх бааз дээр өөрийн биеэр угтсан билээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүнийг тус нисэх бааз дээр ийнхүү угтсан ховор тохиолдол болсон юм. 

Харин хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө АНУ, БНХАУ худалдааны түр эвлэрлээ хоёр сараар сунгахаар тохиролцжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, өмнө нь арваннэгдүгээр сарын 10-нд дуусахаар байсан худалдааны эвлэрлийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгасан байна.

Энэ удаагийн уулзалт худалдаа, тарифын бодлогоос гадна хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, газрын ховор элемент, Тайванийн асуудал болон Ираны асуудлыг хамрах төлөвтэй байна.

Ши Жиньпинийг Вашингтонд ирэхээс өмнөх хугацаанд Хятадын эдийн засаг, технологийн чадавх болон дэлхийн худалдаанд эзлэх байр суурь мэдэгдэхүйц өөрчлөгджээ. 2017 онд Трамп, Ши нарын АНУ дахь өмнөх уулзалтаас хойш Хятад улс хиймэл оюун ухаан, робот, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, хагас дамжуулагчийн салбарт дотоодын технологийн чадавхаа эрчимтэй хөгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын экспорт өсөж, цахилгаан автомашин, нарны хавтан, чип зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн бөгөөд газрын ховор элемент зэрэг стратегийн түүхий эдийн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурь нь АНУ-тай хийж буй худалдаа, технологийн хэлэлцээнд чухал хүчин зүйл болж байна. Reuters-ийн мэдээлснээр Хятадын дэлхийн худалдааны ашиг энэ онд нэг их наяд ам.доллараас давж болзошгүй байна. Мөн Бээжин АНУ-ын технологийн хязгаарлалтаас хамаарал багатай болохын тулд хиймэл оюун ухаан, робот, биотехнологи, шинэ эрчим хүч, сансар судлал, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Huawei зэрэг АНУ-ын хоригт орсон компаниуд дотоодын хиймэл оюуны чипийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна.

Гэхдээ технологийн салбарын өсөлт нь Хятадын эдийн засгийн бүх асуудлыг шийдээгүй хэвээр байна. Хэрэглээний өсөлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжилж, орон нутгийн засаг захиргааны өрийн дарамт нэмэгдсэн хэвээр байгаа юм. Тиймээс Трамп, Ши Жиньпин нарын өнөөдрийн уулзалтаар хоёр улс худалдааны шинэ сөргөлдөөнөөс зайлсхийж, одоо үргэлжилж буй худалдааны эвлэрлийг тогтвортой хадгалах эсэх нь анхаарлын төвд байна. Үүний зэрэгцээ технологийн экспортын хязгаарлалт, газрын ховор элементийн нийлүүлэлт, хиймэл оюун ухаан болон Тайванийн асуудлаар хоёр талын байр суурь хэрхэн өөрчлөгдөх нь уулзалтын гол анхаарал татах асуудлуудын нэг болж байна.