Засгийн газрын 2027 оны төсөвт ипотекийн зээл эхний гурван жил 6 хувь, дараагийн долоон жилд 12 хувийн хүүтэй байх шинэ багц гаргах талаар мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан хийж байв.
Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч С.Наранцогтоос тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд зөвхөн 6 хувийн ипотекийн хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Ипотекийн зээл авахаар 47 мянган иргэн дугаарлаж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ юу харуулж байна вэ гэхээр дан 6 хувийн хөтөлбөрөөр бид орон сууцны асуудлаа шийдвэрлэх боломжгүй, энэ нь манай нөхцөлд хүндрэлтэй гэдэг тооцоо гарсан. Ийм учраас манай ипотекийн журмын төсөл ямар байдлаар хэрэгжиж байгаа вэ гэхээр, бүгдээрээ 6 хувийн зээлд дугаарлах биш, 6, 8,10,12 хувийн хүүгийн сонголттой, өөрсдийнхөө орлогод тулгуурласан олон төрлийн зээл авах боломжийг нээж өгье гэсэн санаа. Засгийн газраас 2027 оны төсөв дээрээ суулгаад орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулсан байна лээ.
Төв банкны зүгээс зарчмын хоёр байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, ипотек дээр Төв банк ямар нэгэн байдлаар шинээр мөнгө, хөтөлбөр хэрэгжүүлж, мөнгө хэвлэхгүй. Мөн Төв банктай своп хийх биш, олон улсын байгууллагууд манайхаас хөнгөлөлттэй нөхцлөөр своп хийх бололцоо үүсч байгаа. Энийг хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа.
Миний хувьд Засгийн газар 2027 оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн свопын зардалдаа тусгасан гэж ойлгож байгаа.
Ипотек сонголттой болсноор, банкууд эх үүсвэрээ нэмэх боломжтой. Хүү нь зах зээлийн зарчимд шилжсэнээр эх үүсвэр болон зах зээлийн боломжууд нэмэгдэнэ. Иргэд 6 хувийн хөтөлбөртөө дарааллаад хүлээе гэвэл тэр хүний сонголт. Харин арай өөр арга зам хайж байгаа хүмүүст боломж олгож байгаа юм. Зах зээл дээр байгаа эрэлт, нийлүүлэлт хоорондоо уялдах ёстой гэсэн тооцоог Засгийн газар хийсэн гэж бодож байгаа" хэмээн ярилаа.
ВИДЕО: