Энэ онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв аймгуудад баавгай суурьшлын баавгай бүсэд орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа талаар БОУАӨЯ-наас мэдэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор ой тайгатай ойр амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байсан ч сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод баавгай орж ирсэн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр /2026.09.21/ Улаанбаатар хот орчмоор хоёр баавгай орж ирсэн талаар иргэд цахим сүлжээнд бичлэг хийж, байршуулсан байдаг.
ВИДЕО:
-УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД БААВГАЙ ХАРАГДСАН ДУУДЛАГА 2018-2025 ОНД ДӨРӨВ БҮРТГЭГДСЭН БОЛ 2026 ОНД 10 ОРЧИМ ДУУДЛАГА ИРЭЭД БАЙНА-
Баавгай Улаанбаатар хотын ойр орчимд үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл 2018-2025 оны хооронд ердөө нийт дөрөв бүртгэгдэж байжээ. Тодруулбал, 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг дуудлага бүртгэгдсэнээс хойш 2025 он дуустал нэг ч дуудлага бүртгэгдээгүй байна. Гэтэл энэ оны хувьд нийслэл хотод орчмоор баавгай орж ирсэн гэх мэдээлэл 10 орчим бүртгэгдээд байгаа аж.
Мэргэжилтнүүд баавгай хүний суурьшлын бүсэд орж ирж буй энэхүү шалтгааныг тодорхой олж тогтоох боломжгүй гэж мэдэгдсэн ч хэд хэдэн магадлалыг дэвшүүлээд байгаа юм.
Нэгдүгээрт, энэ жил хуш модны их үрийн жил биш учраас самар бага ургаж байгаа аж. Их үрийн самар ургасан жилд 100 хувь самар ургадаг гэж үзвэл 40 орчим хувийг нь баавгай болон ан амьтдын идэш тэжээл болгон үлдээдэг байна. Гэтэл энэ жил самрын ургалт тааруу байгаа учраас иргэдийг хуш модны самар түүхийг хориглож, энэ жил ургасан самрыг ан амьтдад үлдээхийг үүрэг болгосон.
Баавгай өвлийн улиралд ичээнд ордог гэдгийг хүн болгон мэддэг. Тэгвэл самар бол баавгайн ичээнд байх хугацаанд хамгийн их хэрэг болдог хүнс нь аж. Баавгай ичээнд орохын өмны самар, агнасан амьтныхаа гэдэс дотор гэх мэт тос, өөхтэй зүйлсийг идэж ичээнд байх хугацаандаа шатаах биеийн өөхөө бүрдүүлдэг байна. Гэтэл энэ онд самар ховор ургасан учир идэш тэжээл хайн суурьшлын бүс рүү орж байж магадгүй хэмээн зарим судлаачид үзэж байгаа юм.
Монгол Улсын суурьшлын бүсээр харагдаж байгаа баавгайнуудын хувьд бие жижиг, нас залуу баавгай байгаа талаар иргэд мэдээлж байгаа. Тэгвэл яагаад заавал жижиг биетэй, нас залуу баавгай орж ирээд байгаа талаар зарим судлаачид байр сууриа илэрхийлээд амжсан. Тухайлбал, баавгай идэш тэжээлийн дутагдалд орж, өлсөхөөрөө жижиг биетэй баавгайгаа барьж иддэг. Иймд нас гүйцсэн баавгай өлсгөлөн байгаа учир жижиг баавгай тэдгээрээс дайжин суурьшлын бүс рүү орж байж магадгүй хэмээн үзэж байна.
-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 21-Р ХОРОО БУЮУ 61-ИЙН ГАРАМ ОРЧМООР ДАХИН БААВГАЙ ХАРАГДАВ-
Хөдөө орон нутгаар буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаар үзэгдэж байсан баавгай сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор үзэгдэх тохиолдол ихэсч байна. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн.
Тэгвэл өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 05.40 цагийн үед Улиастай голын гүүр “Адам, Ева”-ийн цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай явж байгаа талаарх мэдээлэл бүртгэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 11, 20, 28, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын дагуу, Баянзүрх дүүргийн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн, Гачуурт орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлсэн байдаг.
ВИДЕО:
Эрэн хайх ажиллагааны хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын ажилчид болон Онцгой байдлын байгууллагын ажилчид Туул гол орчмоор, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд Богд уул орчмоор өчигдөр шөнө харагдсан баавгайг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Гэвч эрэн хайх ажиллагаа төдийлөн үр дүнд хүрээгүй, баавгай буцаад хотоос гарсан гэх ул мөр олдоогүй байна. Мөн байгаль хамгаалахын ажилтнуудад техник хэрэгсэл, багаж, зэвсэг байхгүй учир эрэн хайх ажиллагаанд хүндрэл учир байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн байдаг.
Мөн өчигдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу 61-ийн гарам орчмоор байгууллагын хашаанд баавгай явж буй бичлэгийн нэгэн иргэн цахим хуудасдаа байршуулжээ. Тус хоёр бичлэгээс харахад зөвхөн хөдөө орон нутгаар харагдаж байсан баавгай Улаанбаатар хот орчмоор орж ирсэн нь иргэдийн хувьд аюултай явдал болж байна. Иймд иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчиж, орой үдшийн цагаар Туул гол, Богд уул, зуслан орчмын газраар явахгүй байхыг анхааруулж байна.