Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы асуудал болон Засгийн газрыг огцруулах талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ.
ШУУД ҮЗЭХ:
Тэрбээр, “4-5 хоногийн өмнө би Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нартай байгаль орчны асуудал болон намрын чуулганд ямар асуудлууд хэлэлцэх талаар нилээн хэдэн цаг уулзсан. Тухайн үед бол бидний уур амьсгал хэвийн байсан. Харин сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн асуудлууд болоод ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан муу хүн болчихсон. Монголын парламент зүгээр нэг удганы хэрэг шүүдэг түвшинд очсон байна. Хов жив, ар гэр рүү орсон зүйлүүдээ одоо багасгамаар байна. Мөн ХЗДХ-ийн сайдынхаа өөдөөс мөрдөстөнгүүд мэдэгдэл хийж байна гэдэг бол ХЗДХ-ийн сайдаас өндөр албан тушаалтан чиглэл өгсөн байна гэсэн үг. Ерөнхийдөө бол хуулийнхаа дагуу эрэмбэ эрэмбэдээ байх хэрэгтэй. Одоо энэ асуудлыг МАН-ын бүлэг дээр ярилцах хэрэгтэй. Манай намын удирдлагууд том зургаараа харахгүй бол 2027, 2028 оны сонгууль дөхөж байна шүү. Мөн миний хувьд Засгийн газар огцроод байдал сайжирна гэдэгт эргэлзэж байна. Миний үед хамтарсан Засгийн газар байгуулахад манай намаас чухал яамнуудаа АН өгчихлөө гэж шалтаг гаргаж байсан. Үүний дараа МАН дангаараа засаглана хэмээн шийдэж байсан. Энэ асуудлууд бол Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн “далдаакуудаас” болж эхэлсэн шүү дээ” хэмээн.