Шувуудыг хамгаалж, 15 аймгийн цахилгаан түгээх 69 шугам болон 26 мянга гаруй шонгийн оройг тусгаарлан хөндлөвч бүрээс хийжээ.
Цаашид бусад шугам, шонд хамгаалалт хийж, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Монголын шувуу хамгаалах төв”-ийн захирал П.Ганхуяг, төслийн менежер П.Амартүвшинтэй уулзаж, цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах ажлын үр дүнтэй танилцах үеэрээ тодотгосон байна. Шувуу чиглэлээр 2023 онд хийсэн судалгаагаар шугамын шонг бүрэн хамгаалснаар махчин шувууд цахилгаанд цохиулж үхэх нь 95 хувиар багасжээ. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг Монголын шувуу хамгаалах төвийнхөн онцолсон юм. Уулзалтын үеэр махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл, экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй талаар харилцан санал солилцжээ.