Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд үзэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр цөөнгүй гарах болсон тул ой тайгын захад амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдын хувьд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Манай сурвалжлах баг өчигдөр /2026.09.14/ Багануур дүүрэгт суурьшлын бүс рүү орж ирсэн баавгайг хэрхэн суурьшлын бүсэд орж ирсэн, түүнийг хэрхэн аюулгүй байгальд нь тависан талаар газар дээрээс нь сурвалжиллаа.
ВИДЕО:
-УНТУУЛАХ БУУ БАЙГААГҮЙ ТУЛ БУГУЙЛДАЖ БАРИАД ТАРИА ХИЙХЭЭС ӨӨР АРГА БАЙСАНГҮЙ-
Өчигдөр өглөө Багануур дүүргийн тавдугаар хорооны хотын төвөөс зайдуу суурьшлын хэсэгт баавгай явж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн байгаль хамгаалагч газар дээр нь очиход цагдаагийн алба хаагчид мөн ирсэн байв. Эхний зорилго нь баавгайг цочоохгүйгээр байгаль руу нь буцаах байлаа. Гэвч нөхцөл байдал төлөвлөснөөр болсонгүй. Цагдаагийн алба хаагчид баавгайг үргээж, уул руу нь буцаахыг оролдсон ч уул руугаа биш, харин эсрэг чиглэлд буюу суурьшлын бүс рүү зугтжээ. Айж сандарсан, хаашаа зугтахаа мэдэхгүй болсон амьтан хүний үйлдлийг хэрхэн хүлээж авахыг урьдчилан таамаглах боломжгүй. Тухайн үед газар дээр алсаас унтуулах буу байгаагүй тул албаныхан баавгайг дахин цочоохгүй байхыг чухалчилж, мэргэжлийн баг ирэх хүртэл тухайн хэсгийг хамгаалалтад авсан байгаа юм.
Багануур дүүрэг хариуцсан байгаль хамгаалагч Д.Ганбат “Гол зорилго нь баавгайг улам цочоож, хүн рүү чиглэсэн эрсдэл үүсгэхгүй байх байсан. Тиймээс Багануур дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн “Багануур 4х4” ТББ-ын залуус нийлж тухайн баавгайг төв рүү оруулахгүй хамгаалтанд авч зохих мэргэжилтэнүүдэд хүлээлгэж өглөө” гэв.
Биднийг НБОГ-ын мэргэжилтнүүдтэй хамт очмогц тэд хамтран баавгайг уургалж тогтоосны дараа булчин суллах тариа хийсэн юм. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар тариа үйлчилж эхэлснээс хойш ойролцоогоор 10-15 минутын дараа амьтан бүрэн тайвширсан байна. Ингээд тайвширсан баавгайг тусгай зориулалтын торонд хийж, “Багануур 4х4” ТББ-ын машинаар ачин Хэнтийн нуруунд буцаан тавихаар бэлтгэсэн юм.

-НЭГ УДАА ХҮНЭЭС АЙХГҮЙГЭЭР ХООЛ ОЛЖ ЧАДСАН АМЬТАН ТУХАЙН ГАЗАРТАА ДАХИН ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ-
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар баавгай суурьшлын бүс рүү орж ирэхэд байгалийн нөхцөл, идэш тэжээлийн хүртээмж, зэрлэг амьтдын хоорондын өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болох аж. Ялангуяа энэ үе бол баавгай өвөлжилтийн өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг цаг. Ой тайгын бүс дэх жимс, самар болон бусад байгалийн гаралтай идэш тэжээл хангалтгүй болсон тохиолдолд амьтад хоол хүнс хайж илүү хол зайд шилжих шаардлагатай болдог байна. Айлын бууц, малын хашаа, хогийн цэг, малын сэг зэм, хүнсний үлдэгдэл зэрэг нь зэрлэг амьтны хувьд амархан олдох хоолны эх үүсвэр болж болдог. Тиймээс нэг удаа хүнээс айхгүйгээр хоол олж чадсан амьтан тухайн газартаа дахин ирэх эрсдэлтэй юм. Мөн гүйцээгүй залуу баавгайг том эр баавгай дайрах, хөөх тохиолдол байдаг аж. Ийм үед залуу амьтан айж сандарсан чигээрээ зугтан, ердийн амьдрах орчноосоо холдох боломжтой. Багануурт орж ирсэн энэ шүдлэн баавгай том баавгайнаас зугтаж яваад чигээ алдан, улмаар хүний суурьшлын бүсэд орж ирсэн байх магадлалтай гэж НБОГ-ын мэргэжилтэн Ж.Гантулга тайлбарласан юм.
Тиймээс “иргэд баавгай болон бусад зэрлэг амьтантай таарсан үед өөрсдөө хөөж, үргээж, барих гэж оролдох нь хамгийн буруу үйлдэл. Баавгай харсан бол аль болох зай барьж, ойртохгүй, араас нь дагахгүй, зураг авахын тулд дөхөхгүй байх хэрэгтэй. Хүүхэд, гэрийн тэжээвэр амьтдаа мөн даруй аюулгүй газар оруулах нь чухал. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллагад шууд мэдээлэх шаардлагатай. Онцгой байдлын 105, Цагдаагийн 102 дугаарт болон тухайн орон нутгийн байгаль орчны байгууллагад яаралтай мэдэгдэж, байршлыг аль болох тодорхой хэлэх хэрэгтэй. Мөн малчид, зуслангийн бүсийн оршин суугчид хашаа, бууц орчмын орчноо анхаарах шаардлагатай. Хүнсний хог хаягдал, малын сэг зэм, үнэр ихтэй зүйлсийг ил задгай орхих нь зэрлэг амьтныг суурьшлын бүсэд татах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа малын сэг зэмийг бууц, хашаа, айлын ойролцоо удаан хугацаагаар орхихгүй байх нь чухал” хэмээн холбогдох албаныхан анхаарууллаа.