Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр авсан сорьцуудын лабораторийн шинжилгээний сүүлийн хариуг хүлээн авчээ.
Тус байгууллагын мэдээлснээр Говь-Алтай аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч, аймгийн начин цолны болзол хангасан Бирваагийн Ганбатын А сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр болденон болон түүний метаболит нь хүний биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болохыг тогтоосон байна. Уг шинжилгээний хариунд үндэслэн Үр дүнгийн удирдлагын баг Б.Ганбатыг 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Экзоген гаралтай болденон болон түүний метаболит нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд багтдаг бодис аж. Гэхдээ тамирчны А сорьцоос сөрөг аналитик илэрц илэрсэн нь түүнийг допингийн эсрэг дүрэм зөрчсөнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш гэдгийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага онцолжээ.
Б.Ганбат нь Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх зэрэг эрхтэй байна.
Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд түүнийг допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь эцэслэн тогтоовол сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй аж.