Д.Трамп Бүгд найрамдах нам Конгрессын сонгуульд ялбал насанд хүрсэн иргэн бүрт $5,000 олгоно гэв

Д.Трамп Бүгд найрамдах нам Конгрессын сонгуульд ялбал насанд хүрсэн иргэн бүрт $5,000 олгоно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам 2026 оны завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хяналтаа хадгалбал насанд хүрсэн иргэн бүрт 5,000 ам.долларын “ногдол ашиг” олгоно гэж мэдэгдэв.

Тэрбээр есдүгээр сарын 9-нд Даллас хотод болсон Бүгд найрамдах намын сонгуулийн чуулганы үеэр энэ амлалтаа хэлжээ. Д.Трамп “Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хоёуланд нь ялбал АНУ-ын насанд хүрсэн иргэн бүрт 5,000 ам.долларын ногдол ашиг олгоно” гэж мэдэгдсэн байна. Мөн уг мөнгийг зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт зарцуулах нөхцөл тавьжээ.

Трамп уг төлбөрийг “Trump dividend” буюу “Трампын ногдол ашиг” гэж нэрлэсэн бөгөөд АНУ-ын эдийн засгийн өсөлт, амжилтын үр дүнд ийм төлбөр олгох боломжтой гэж тайлбарласан байна.

Гэвч уг мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, хэрхэн олгох талаар Трамп дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Төлөвлөгөө хэрэгжихийн тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай бөгөөд нийт зардал нь 1 их наяд ам.доллараас давах тооцоо гарчээ. Түүнчлэн дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс уг төлбөрийг өндөр орлоготой иргэдэд бус, дундаж давхаргын иргэдэд чиглүүлэх боломжтойг дурдсан байна.

Д.Трампын энэхүү санал нь АНУ-ын улсын өр, төсвийн алдагдал болон инфляцад нөлөөлөх эрсдэлтэй гэх шүүмжлэл дагуулж эхэлжээ. Зарим Бүгд найрамдах намын гишүүд ч уг төлөвлөгөөний санхүүжилт, хэрэгжих боломжид эргэлзэж байна.