Цагдаагийн байгууллагаас хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Ажлын хэсэг” байгуулж, улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг шалгах, илрүүлэх, таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
ВИДЕО:
ВИДЕО: Хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлжээ
— iSee.mn (@iSee_MN) September 10, 2026
УНШИХ: https://t.co/iq2uL28EAa pic.twitter.com/jOaAVEWQ1R
-АЛТНЫ ТӨЛӨӨ ГАЗРЫН ХЭВЛИЙД ХАЛДАЖ, БАЙГАЛИА СҮЙТГЭЖ БАЙНА-
Хяналт шалгалтыг Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий болон бусад аймгийн нутаг дэвсгэрт орон нутгийн Байгаль орчны газартай хамтран өнөөдрийн байдлаар 106 аж ахуйн нэгж, 83 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулаад байна.
Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлэн материалжуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь зөвшөөрөгдсөн талбайн хэмжээг хэтрүүлэн ашигласан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн, хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон, зөвшөөрөгдсөн техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ашигласан зэрэг үйлдэл байна.

-БАЙГАЛИА СҮЙТГЭЭД, ТЕХНИКЭЭ НУУЖ БАЙНА-
Гэмт этгээдүүд үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор гэмт хэрэг, зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгслээ уул, хад, бартаа саад ихтэй газарт нуусан тохиолдлууд ихээр илэрч байна. Тухайлбал, машин, техник, морь, мал зорчих боломжгүй уул, хад асгатай газарт техник хэрэгслээ нууж байршуулсан үйлдлийг алба хаагчид дрон ашиглан илрүүлж, тухайн техникүүдийг суурин газарт татан байршуулан битүүмжлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын лицензтэй 17 аж ахуйн нэгж, 4 бичил уурхайг шалгаж гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт, шалгалтыг зохион байгуулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэхээр ууланд 6 байршилд 9 ширхэг хүнд даацын техник, 1 ширхэг Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, 3 ширхэг алт угаах төхөөрөмж нууж байршуулсан байсныг олж тогтоож, техник хэрэгслийн эзэмшигчдийг тогтоож, суурин газрын төвд татан буулгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг явуулж, 11 техникийг суурин газрын төвд татан оруулж, 33 техникийг тухайн уурхайн байршилд тус тус байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар лацдуулж, зөрчлийн шинжтэй 3 үйлдэл илрүүлжээ.

Хэнтий аймагт нийт 5 аж ахуйн нэгж, 6 нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн шинжтэй 2 үйлдлийг илрүүлсэн. Харин Дархан-Уул аймагт 6 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, олборлолтын талбайн зах, ирмэгээс солбилцлын цэг авч “Газрын тос, ашигт малтмалын газар”-ын кадастрын сангаар шүүлгэхэд талбай хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.
-БАЙГАЛЬ ЭРГЭЖ СЭРГЭХ ҮҮ-
Ашигт малтмал олборлох нэрийн дор газрын хэвлийд хууль бусаар халдах нь зөвхөн зөвшөөрлийн асуудал биш. Өнөөдөр ухсан нэг нүхний цаана сүйдсэн хөрс, бохирдсон ус, устсан ургамал, доройтсон бэлчээр, үргэж дайжсан ан амьтан үлддэг. Хэн нэгэн хэдхэн грамм алт авч явж болох ч тухайн газар нутаг олон жилийн турш нөхөн сэргэх боломжгүйгээр сүйдэж болзошгүй.

Иймд хууль бусаар ашигт малтмал олборлож, газрын хэвлийд халдсан үйлдлийг зөвхөн ашигт малтмалын хууль зөрчсөн асуудлаар хязгаарлахгүйгээр, байгаль орчинд учруулсан хохирол, гэмт хэрэг, зөрчлийн шинж, хууль бус үйл ажиллагааны цар хүрээг тогтоон холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас цаашид хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоохын зэрэгцээ хууль бус олборлолтоос үүдэн байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох, гэм буруутай этгээдийг хариуцлага хүлээлгэх, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.



