Ирэх 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт Улаанбаатар хотын төв цэгт Монголын түүхэнд байгаагүй орчин үеийн шоу бизнесийн нүсэр "тулаан" өрнөх нөхцөл бүрдээд байна. Энэ бол дэлхийн хэмжээний супер од, K-Pop урсгалын амьд домог PSY болон Z үеийнхний хайртай дуучин МУГЖ Л.Болдбаатар нарын бие даасан тоглолтууд нэгэн зэрэг, нэг өдөр, хэдхэн метрийн зайд болох юм.
-"МОНГОЛОО ДУУЛНА” ШОУ ТОГЛОЛТ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛОХ БОЛ “SUPER CONCERT” SOCIALPAY PARK-Д БОЛНО-
Өнөөгийн залуус хуучинсаг, хэвшмэл ойлголтыг эвдэж Л.Болдбаатарын уран бүтээлийг цахим сүлжээнд трэнд болгон, "Gen-Z үеийнхэн дуучин Л.Болдбаатарыг тоглолтоо хийхийг шаардаж байна" гэх давалгаагаар түүний таван цагийн турш үргэлжлэх нүсэр шоуг хийлгэж байгаа гэж хэлж болно. Үүний зэрэгцээ дэлхийн хэмжээний поп одыг дэргэдээс нь харах хүсэлтэй залуус ч олон бий. Яагаад гэвэл энэ бол алдаж болохгүй боломж.
МУГЖ Л.Болдбаатарын “Монголоо дуулна” шоу тоглолт Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болох бол PSY-ийн “SUPER CONCERT” яг хажууханд нь орших SocialPay Park-ийн задгай талбайд болох юм. Энэ нь Улаанбаатар хотын хамгийн том хоёр шоу тоглолтын дуу чимээ, гэрэл тусгалт, үзэгчдийн уур амьсгал хэдхэн метрийн зайд шууд тулна гэсэн үг юм. Үзэгчид нэг тоглолтоос нөгөө тоглолт руу хэдхэн алхаад очих бүрэн боломжтой байгаа нь сошиалд "Эхлээд Болдбаатар ах дээр очоод уярчихаад, дараа нь PSY дээр очиж үсэрнэ" гэх явган яриануудыг ч үүсгээд амжжээ.
-ЭНЭХҮҮ ХОЁР ТОГЛОЛТЫН ХҮРЭЭНД НИЙТДЭЭ 5-8 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН АСАР ӨНДӨР ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ЭРГЭЛТ ЯРИГДААД БАЙГАА-
Шоу бизнесийн салбарт уран бүтээлч урих болон техникийн зардлыг худалдааны нууцад тооцдог тул яг таг зарцуулсан мөнгөн дүнг зохион байгуулагчид албан ёсоор зарладаггүй. Гэвч энтертайнмент салбарын мэргэжилтнүүд болон зах зээлийн жишгээс харахад энэхүү хоёр тоглолтын хүрээнд нийтдээ 5-8 тэрбум гаруй төгрөгийн асар өндөр төсөв, санхүүгийн эргэлт яригдаад байгаа.
Тодруулбал, "SUPER CONCERT: SPECIAL PSY" тоглолт хийхэд зарцуулна гэж таамаглаж буй нийт зардал нь 1.5 - 2.5 сая ам.доллар (ойролцоогоор 5 - 8.5 тэрбум төгрөг). Үүнд PSY-ийг өөрийн бүжигчид, арын албаныхантай нь урих зардал хамгийн өндөр хувийг эзэлж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Түүнчлэн түүний агентлаг P Nation-оос тавьдаг олон улсын стандартын тайз, усан хөшиг, хэт өндөр нягтралтай аварга LED дэлгэц болон L-Acoustics K1 тусгай дууны системийг хангахад хэдэн зуун сая төгрөг шууд зарцуулагдаж байгаа аж.
Харин эдгээр зардлыг ерөнхий зохион байгуулагч болох Evandis Entertainment, NW Entertainment болон ерөнхий ивээн тэтгэгч Голомт банкны SocialPay хамтран гаргаж байгаа юм байна.
Харин нөгөө талд МУГЖ Л.Болдбаатарын "Монголоо Дуулна" тоглолт хийхэд зарцуулж байгаа гэж таамаглаж буй нийт зардал нь 800 сая - 1.5 тэрбум төгрөг байна.
Олон арван уран бүтээлчид, амьд хөгжмийн хамтлаг, үндэсний чуулга, бүжгийн багуудын хувцаслалт, хөлс болон гэрэлтүүлэг, пиротехник (салют)-ийн зардалд 300-500 сая төгрөг шаардагдаж байгаа аж.
Тус тоглолтыг “Тэлмэн Эмүжин Продакшн” зохион байгуулж бөгөөд TESO Group, SKYtel, PocketZero зэрэг үндэсний том группүүд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа ажээ. Дэлхий даяар хэдэн тэрбум хандалттай "Gangnam Style", "That That" хитүүдийн эзэн PSY анх удаа Монголд ирж бүрэн хэмжээний перформансаа үзүүлэх бол түүнтэй хамт Солонгосын алдарт дуучдын нэг "Iris" киноны дуугаараа Монголчуудын сайн мэдэх Baek Z Young (Бэг Жи Ён) ирэх бөгөөд зохион байгуулагчид өөр бусад нууц зочдыг ч бэлдсэн байна. Нөгөө талд МУГЖ Л.Болдбаатар өөрийн амьдралын 20 гаруй жилийн хөдөлмөрөө шингээсэн 35 гаруй хит дуугаа бүрэн амьд хөгжимтэй дуулна. Түүнчлэн Gen-Z залуусыг байлдан дагуулж буй реппер ThunderZ урилгаар оролцож уран бүтээлээ хүргэх юм. Мөн нийтийн дууны үе үеийн одод, МУГЖ Ж.Мандухай, СТА А.Түвшинбаяр тэргүүтэй мэргэжлийн бүжигчид, үндэсний хөгжмийн томоохон чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.