Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнөөдөр буюу есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.
Түүний Монгол Улсад хийх айлчлал есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ нь Туркменистан, Словак, Австри, Монгол Улсыг хамарсан наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдийн гадаад айлчлалын хүрээнд болж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудлаар санал солилцоно.
Мөн эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Японы Гадаад хэргийн сайдыг өнөөдөр 16:00 цагт албан ёсоор угтаж, улмаар 17:00 цагт мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна.