ОХУ Киевт 12 цагийн турш агаарын цохилт өгч, 12 хүн амиа алджээ

ОХУ Киевт 12 цагийн турш агаарын цохилт өгч, 12 хүн амиа алджээ

ОХУ Украины нийслэл Киев болон ойролцоох бүс нутгуудад 12 гаруй цагийн турш үргэлжилсэн томоохон агаарын цохилт хийж, хамгийн багадаа 12 хүн амиа алджээ. Энэ нь Киев хотод ОХУ-аас зургаа дахь өдөр дараалан хийсэн томоохон довтолгоо болсон байна.

Украины албаныхны мэдээлснээр ОХУ-ын арми далавчит болон баллистик пуужин, тийрэлтэт хөдөлгүүртэй дрон ашиглан Киев болон Украины бусад найман бүс нутагт цохилт өгсөн байна. Довтолгооны үеэр орон сууцны барилга, төмөр замын дэд бүтэц болон бусад иргэний байгууламжууд гэмтжээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд Украины төмөр замын зургаан ажилтан болон Энэтхэгийн нэг иргэн байсан талаар Украины тал мэдээлсэн байна. Мөн хэд хэдэн хүн шархадсаны дотор гурван хүүхэд багтжээ.

Украины албаныхан ОХУ сүүлийн өдрүүдэд Киевийг өдөр, шөнөгүй довтолж байгаа нь иргэдийн сэтгэл санааг мохоох, өдөр тутмын амьдралыг тасалдуулах зорилготой гэж үзэж байна. Довтолгоо нь Украины хичээлийн шинэ жилийн эхлэлтэй давхцжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам цохилтуудаа цэргийн үйлдвэр, эрчим хүчний байгууламж болон бусад цэргийн зориулалттай объектод чиглүүлсэн гэж мэдэгдсэн байна. ОХУ болон Украины талууд довтолгооны бай, хохирлын талаар харилцан зөрүүтэй мэдээлэл өгч байгаа юм.

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр энэ удаагийн довтолгоонд нийт 218 дрон болон олон төрлийн пуужин ашигласан бөгөөд тэдгээрийн нэлээд хэсгийг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан байна.