Б.Баярбаатарын ярьж буй Эпштейний асуудал бүхнийг тодруулах бус, Ц.Элбэгдоржид л чиглэв

Б.Баярбаатарын ярьж буй Эпштейний асуудал бүхнийг тодруулах бус, Ц.Элбэгдоржид л чиглэв

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өнгөрсөн хаврын чуулганаас хойш Эпштейнтэй холбоотой асуудлыг хамгийн их хөндөж буй улстөрчдийн нэг. Тэрбээр уг асуудлаар нээлттэй сонсгол хийх шаардлага тавьж, улмаар аравдугаар сарын 7-нд УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах тов гарсан.

Эпштейний асуудлыг сөхөж, Монгол Улстай холбоотой баримтуудыг тодруулах шаардлага тавьж байгаа нь өөрөө буруу зүйл биш. Харин энд нэг зүйл анхаарал татаж байна. Б.Баярбаатарын ярьж буй Эпштейний асуудал аажмаар Эпштейнтэй холбоотой бүх асуудлыг тодруулах тухай биш. Харин Ц.Элбэгдоржийг тайлбар шаардах улс төрийн хэрэгсэл болж хувираад байна.

Өнгөрсөн хугацаанд түүний ярилцлага, байр сууриудыг ажиглахад Эпштейнтэй нэр холбогдсон бүх хүн, бүх харилцаа, бүх баримтын талаар ижил шаардлага тавих бус Ц.Элбэгдоржид л чиглэсэн мэдэгдэл давамгайлж ирсэн.

Тухайлбал,.  Б.Баярбаатар анх Ц.Элбэгдоржийн "Би удахгүй монгол охин аваачиж өгнө гэсэн и-мэйл байсан” гэх агуулгатай зүйл ярьсан. Үүний дараа Б.Баярбаатар Ц.Элбэгдоржийг эх орондоо ирсний маргааш буюу долдугаар сарын 6-нд “Магадгүй Ц.Элбэгдорж бусдад барьцаалагдаж, эх орон, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргасан юм биш биз. Энэ асуудлыг шалгана” хэмээн мэдэгдэж байв. Харин өчигдөр дахин хэвлэлээр дамжуулан “Ц.Элбэгдорж Эпштейний асуудалд үнэнээ хэлэх хэрэгтэй, худлаа бүү ярь” гэх байр сууриа илэрхийлжээ.

Эндээс энгийн боловч чухал асуулт гарч ирнэ. Яагаад заавал Ц.Элбэгдорж вэ. Эпштейний олон мянган баримт нийтэд ил болсон. Тэдгээрийн дунд Монгол Улстай холбоотой нэр, харилцаа, мэдээлэл дурдагдсан гэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ аливаа баримтад нэр нь дурдагдсан байх нь өөрөө тухайн хүнийг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа зэрэг гэмт хэрэгт холбогдсоныг нотлохгүй. Мөн тэдгээр баримт дунд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон баримт байхгүй бөгөөд гол төлөв эдийн засаг, улс төрийн асуудлаар харилцаж байсан нь ил болсон. 

Тиймээс энэ асуудалд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол нэр дурдагдсан хүнийг улс төрийн хувьд буруутгах бус, баримт бүрийн агуулгыг ялгаж салгах явдал.

  • Хэн Эпштейнтэй ямар зорилгоор харилцсан бэ?
  • Ямар асуудлаар и-мэйл солилцсон бэ?
  • Ямар уулзалт хийсэн бэ?
  • Монгол Улстай холбоотой ямар асуудал яригдсан бэ?
  • Тэдгээр харилцааны аль нь улс төрийн, аль нь бизнесийн, аль нь хувийн шинжтэй байсан бэ?
  • Хамгийн гол нь гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн баримт байгаа юу?

Хэрэв УИХ эдгээр асуултад хариулах гэж байгаа бол бүх нэр холбогдсон этгээдэд ижил шалгуур тавих ёстой. Гэтэл өнөөдрийн улс төрийн ярианаас харахад асуудал нэг хүн дээр хэт төвлөрч байна. 

Мөн Б.Баярбаатарын байр суурийг дэмжиж буй хүмүүсийн дунд О.Батнайрамдал зэрэг МАН-ын цөөнхийн хэдэн гишүүн байгаа нь мөн анхаарал татна. Үүн дээр Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын цахим орчин дахь байр суурийг ч хамтад нь харах шаардлага ч гарч байна. 

Энэ бүхнийг нийлүүлээд харахад нэг асуулт зайлшгүй тавигдана. Энэ үнэхээр Эпштейний асуудлыг илрүүлж, үнэнийг тогтоох гэсэн оролдлого мөн үү. Эсвэл Ц.Элбэгдоржид чиглэсэн улс төрийн тодорхой зорилго давхар явж байна уу. Мэдээж энэ асуултыг тавьж байгаа нь Ц.Элбэгдоржийг аливаа шалгалтаас чөлөөлөх ёстой гэсэн үг биш. Харин Эпштейний баримтад нэр дурдагдсан хүн бүрт ижил тэгш, шаардлага тавих явдал юм.