Хотын дарга асан Х.Нямбаатар наймдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Монголд ирснийхээ дараа наймдугаар сарын 8-нд Хэнтий аймагт болсон Улсын заан Д.Алтанцоожийн мялаалга наадамд оролцсон.
Мөн тэрбээр наймдугаар сарын 12-нд цахим хуудсаараа дамжуулан банштай цай чанаж, нутагтаа амарч буй талаарх бичлэг нийтэлсэн бол 15-нд өөрт нь эрүүгийн хэрэг үүсгээгүй гэх агуулгатай тайлбар хийж, нутагтаа байгаа бичлэгээ олон нийтэд хүргэсэн. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр Х.Нямбаатар энэ сарын 10-нд буюу даваа гарагт Монгол Улсаас дахин гарсан байж магадгүй байна. Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явсан бөгөөд улмаар дахин Канад улсыг зорьсон байж болзошгүй гэх мэдээлэл байна. Ингэснээр Х.Нямбаатар эх орондоо байгаа мэтээр цахим орчинд мэдээлэл түгээж байсан ч бодит байдал дээр Монгол Улсаас гарсан байж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Сануулахад, Түүнийг эх орондоо ирсний дараа түүний орлогч Т.Даваадалайг суллаж, хилээр зорчих эрхэд нь хязгаарлалт тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Түүнийг 5.2 тэрбум төгрөгийн хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль бусаар давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаж буй.