Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан байж болзошгүй газруудад хяналт тавихаар боллоо.
Тус яам өнөөдөр /2026.08.17/ ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлын хэрэгжилт болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, холбогдох мэдээлэлтэй танилцжээ.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулсан байж болзошгүй газруудад хяналт тавьж ажиллах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн хурлаар шатахууны түгээлт, татан авалтыг нэмэгдүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр өгөөжийг олон нийтэд зөв, бодитой мэдээлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн COP17 хурлын бэлтгэл, “Бадрах Энержи” компанитай холбоотой ажлыг эрчимжүүлэх, “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний бэлтгэл, намрын чуулганаар хэлэлцэх салбарын хуулийн төслүүдийн бэлтгэлийг хангах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.