Ц.Элбэгдорж: АТГ-аас долоон жил шалгаад хууль зөрчсөн зүйл алга гэж  хэрэгсэхгүй болгосон

Ц.Элбэгдорж: АТГ-аас долоон жил шалгаад хууль зөрчсөн зүйл алга гэж хэрэгсэхгүй болгосон

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долдугаар сарын 5-нд эх орондоо эргэн ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслолын хүндэтгэлийн жагсаал, Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам зэрэг олон нийтийн арга хэмжээнд оролцсон юм.

Түүний эх орондоо эргэн ирсэн нь улс төрийн хүрээнд багагүй анхаарал татаж буй. Харин өнөөдөр Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу очсон бөгөөд, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

ВИДЕО: 

Ц.Элбэгдорж “Сайн байцгаана уу. Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажиллаж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа таван жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийтдээ долоон жил шалгасны эцэст хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Хүмүүс ойлгохдоо хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо ирж байгаа юм байна гэдэг. Төрийн өндөр албан тушаалд байсан асуудлаар хуулийн байгууллага нээлттэй асуух ёстой гэж би хувьдаа боддог. Би 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд ажиллах урилга хүлээн авч явсан. 10 гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Өнөөдөр миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөлөл COP17 хуралд оролцохоор ирсэн байгаа. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө энэ улс төрийн гүтгэлэг, сонгуульд миний нэрийг ашигласан үйл ажиллагаа их явсан. Тэр үеэр шүүх дээр зохиомол хэрэг шүүх рүү өгч, Интерпол миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь үзэж шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гэж тэр хүсэлтийг хүчингүй болгосон.

Ингээд шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллагын талаасаа ч юм байгаагүй. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод байдаг монгол хүмүүсийн нэг нь би. 2023 оны есдүгээр сараас хойш гурван жилийн хугацаанд мэдээж ямар нэгэн улсын хууль зөрчсөн зүйл байхгүй.

АТГ-аас утасдаад өнөөдөр та ирээч гэсэн юм. Уг нь би COP17 хурлын үйл ажиллагаанд оролцохоор үнэмлэхээ авчихсан байгаа юм. Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга гэж хэрэгсэхгүй болсон” гэв.  




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө