Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд сарьсан багваахай айл руу орсон гэх дуудлага, мэдээлэл ихсэж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлсэн байдаг. Тус мэдээлэл гарсны дараа сарьсан багваахай өмнө нь “Монгол Улсад байдаггүй байсан, маш их вирус, бактер тээж явдаг, аюултай” гэх мэдээллүүд тархаад байгаа. Тэгвэл энэ мэдээлэл бодит эсэх талаар Нийслэлийн байгаль орчны газраас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-САРЬСАН БАГВААХАЙ НЬ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХОВОР АМЬТНЫ ЖАГСААЛТ БОЛОН УЛААН НОМД БАГТСАН АМЬТАН-
Сарьсан багваахай нь хөхтөн амьтдын ангилалд багтдаг бөгөөд бусад хөхтнөөс ялгаатай нь тэд далавчтай бөгөөд агаарт чөлөөтэй нисэх чадвартай цорын ганц бүлэг амьтан юм. Харьцангуй жижиг биетэй хэдий ч урт насалдаг бөгөөд нэг бодгаль нь цагийн дотор 1000 гаруй шумуул болон бусад хортон шавжаар хооллох чадвартай. Тодруулбал, шавжийн тоо толгойг байгалийн жамаар зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сарьсан багваахай нь төвөнхөөсөө хэт авиан эхолокаци дуу гаргаж, буцаж ойсон дууны долгионыг мэдрэх замаар орчноо баримжаалах, саад тотгороос зайлсхийх, идэш тэжээлээ илрүүлэн барьдаг онцгой чадвартай амьтан юм.
Сарьсан багваахай нь Монгол улсын засгийн газрын ховор амьтны жагсаалт болон Монгол улсын улаан номд орсон хязгаарлагдмал тархацтай ховор амьтан юм. Тоо толгой нь цөөрвөл байгальдаа буцаад сэргэх боломжгүй байдаг.

Харин Нийслэл хот орчимд таван зүйлийн сарьсан багваахай бүртгэгдсэн бөгөөд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн таваас есдүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг. Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна.
Тодруулбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд 75 гаруй дуудлага Нийслэлийн байгаль орчны газарт ирсэн байна.

-САРЬСАН БАГВААХАЙД САНАМСАРГҮЙ БАЙДЛААР ХҮРСЭН ТОХИОЛДОЛД СЭРЭМЖЛЭХ ҮҮДНЭЭС ГАРАА САЙТАР УГААХ ШААРДЛАГАТАЙ-
Энэ талаар НБОГ-ын Амьтан, ургамал хамгаалах хэлтсийн амьтны эмч О.Чингисболд, “Сарьсан багваахай гэрт ороод ирлээ гэх дуудлага өнөөдөр гэхэд л гурав бүртгэгдсэн байна. Сүүлийн хэдэн өдөрт сарьсан багваахайны дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ энэ амьтны хувьд өөрөөр нь оролдохгүй л бол гэм хор бага амьтан. Хэрэв гэрт тань ороод ирсэн байвал төдийлөн айж сандраад байх зүйл байхгүй. Сарьсан багваахай эвгүй чимээ гаргадаг амьтан учраас хүмүүс их айдаг юм байна лээ. Миний гарт байгаа сарьсан багваахайг Хан-Уул дүүргийн 21-р хороо буюу Нисэх орчмоос барьсан. Очиход тухайн айлд байсан хүмүүс ихэд айсан байдалтай “Ариутгал хийж өгөх үү” гэж асуусан. Манай байгууллага зөвхөн амьтнаа хариуцдаг учраас иргэд өөрийн хүсэлтээр ариутгалын байгууллагаар ариутгал хийлгэх боломжтой.
Гэхдээ монголд байдаг төрөл зүйлийн сарьсан багваахай халуун орных шиг вирус, бактер тээх нь харьцангуй бага байдаг.
Сарьсан багваахай үүр засдаггүй учраас ес болон аравдугаар сард ой мод руу орж агуй, модны хөндий, зарим шувуу, хэрмийн зассан үүр, зарим тохиолдолд байшин, барилгад ичдэг байна. Гэхдээ ихэнх сарьсан багваахайнууд өвлийн улиралд дулаан уур амьсгалтай орон руу нүүдэллэдэг” гэв.

Сарьсан багваахай нь ичих үедээ үржилд ордог бөгөөд зун зургаадугаар сард төллөж, нэгээс хоёр амьд зулзага гаргадаг. Зулзага нь үс хөрсгүй улаан нялзрай гардаг ч тун хурдан буюу ердөө л гурван долоо хоногийн дотор бүрэн бойжиж нисэх чадвартай болдог байна. Сонирхуулахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 17-ныг “Сарьсан багваахайд талархах олон улсын өдөр” хэмээн тэмдэглэдэг байна.
