"Хаана, хянана, тараана" гэсэн Н.Учралын үгсэд өмнөх Ерөнхий сайдаасаа ялгарах юм алга

"Хаана, хянана, тараана" гэсэн Н.Учралын үгсэд өмнөх Ерөнхий сайдаасаа ялгарах юм алга

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ бүхнийг хааж, хянаж ажилладаг хүн байлаа. “Байлаа” гэсний учир нь тэр Ерөнхий сайдын ажлаа өгөөд жил гаруй хугацааг үдэж, УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэй чимээгүйхэн аж төрж буй. Тэр ч байтугай түүнийг ажлаа өгөөд буухад чимээгүй олонх тэр аяараа алга ташиж байлаа.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх үед дэлхий дахинд болж байсан бүхий л үйл явдал манай улсын хувьд "амаргүй сорилт" болж байлаа. Тэрбээр шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлах, төрийн зардлыг танах, шатахууны үнэ, хангамжид зохицуулалт хийхээс эхлээд иргэдийн өдөр тутмын амьдралд хүртэл төрийн оролцоог нэмэгдүүлсэн олон шийдвэр гаргаж, “хориглоно, хязгаарлана, зохицуулна” гэх төрийн оролцоонд тулгуурласан арга барилыг түлхүү хэрэгжүүлж байлаа. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын бодлого ч үүнээс хөл зөрүүгүй байна. 

- ИРГЭД 10, 50, 100 ЛИТРЭЭР ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЖ БОЛНО - 

Жишээ дурдвал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлж байгаа. Иргэд 10, 50, 100 литрээр шатахуун оруулж ирж болно. Стандарт, норм, аюулгүй байдлаа хангасан тохиолдолд хил, гаалийн зүгээс хүндрэл учруулахгүй байх зохион байгуулалтыг яаралтай хийх чиглэл өгсөн” гэж тайлбарласан. Сонсохоор сайхан. Гэхдээ хэн нэгэн Монгол Улсын иргэн хил дээр очоод “Би улсдаа 10 литр шатахуун импортолж байна” гэхэд “Тийм үү” гээд оруулдаг улс гэж хаана байхав. Шатахуун бол стратегийн чухал бүтээгдэхүүн учраас импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулахад стандарт, аюулгүй байдал, татвар, гаалийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тиймээс иргэддээ шатахуун оруулж ирээрэй гэж хэлэхээсээ өмнө бүх зохицуулалтаа хийчихээд “Иргэд ээ, шатахуунаа оруулаад ир” гэвэл чимээгүй олонх алга ташна.

- "ОЮУ ТОЛГОЙН ХУВЬЦААГАА ТАРААХ УУ?" - 

Төрийн оролцоо зөвхөн шатахуун дээр ч харагдахгүй. Иргэдэд эдийн засгийн өгөөжийг хэрхэн хүртээх асуудал дээр ч төр шийдвэрлэх байр суурь эзэлж байна. Тодруулбал, Засгийн газар Оюу толгойн төслөөс иргэдэд ногдол ашиг хүртээх асуудлаар ажлын хэсэг байгуулжээ. Иргэд Оюу толгойн өгөөжөөс хүртэх нь буруу зүйл биш. Гэхдээ нийтэд зориулан “Оюу толгойн хувьцаагаа тараах уу?” гэж асуухын оронд “Оюу толгойн өгөөжөөр Дулааны цахилгаан станцаа барих уу?” гэвэл бүхнийг ажиглан суугаа нөгөө чимээгүй олонх танд илүү хүчтэй алга таших болов уу.

- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЕРӨНХИЙ САЙД БҮРЭН ХЯНАЛТАНДАА АВЧ БАЙНА - 

Үүгээр ч зогсохгүй Н.Учрал наймдугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Ингэхдээ “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч байна. Долоо хоног бүр ажлын явц, гүйцэтгэлийн мэдээллийг авч, шаардлагатай үүрэг даалгаврыг тухай бүр өгнө” гэв. 

“Чөлөөлнө” гэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн атлаа томоохон бүтээн байгуулалтаа “бүрэн хяналтдаа авлаа” л гэж байгаа нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ялгаагүй байгааг харуулж байна.