Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм. Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга,  МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ. Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.