Ц.Сандаг-Очир: СОР17 хуралд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан

Ц.Сандаг-Очир: СОР17 хуралд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэн гарсан талаар мэдээлэв. Тус судалгааг 30 гаруй жилийн хугацааны өгөгдөлд тулгуурлан хийсэн бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөж эхэлсэн гэсэн дүгнэлт гарчээ. Ц.Сандаг-Очир “Энэ судалгааны дүн нь цаашид хот хөгжлийн төлөвлөлт, төсвийн хуваарилалт зэрэг төрийн бодлогын суурь болох учиртай. Эрт арга хэмжээ авах тусам цөлжилт, газрын доройтлын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв.

Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ. Одоогоор жижиг тохижилт, цэвэрлэгээ болон сургалтын ажлууд үлдсэн бөгөөд тус хуралд оролцохоор 7800 хүн албан ёсоор бүртгүүлжээ. \

COP17-ыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөг зарцуулсан бол хувийн хэвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн хандив цугласан байна.

Хурлын үеэр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд хурлыг зохион байгуулахад гаргасан зардлыг 100 хувь нөхөх боломжтой гэж үзэж байгаагаа сайд Ц.Сандаг-Очир хэллээ.