Олон нийтийн анхаарлыг хамгийн хурдан татдаг үндэсний бөх, наадам зэрэг сэдэв улстөрчдийн “мартагдахгүй байх” хэрэгсэл боллоо

Олон нийтийн анхаарлыг хамгийн хурдан татдаг үндэсний бөх, наадам зэрэг сэдэв улстөрчдийн “мартагдахгүй байх” хэрэгсэл боллоо

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Уг хуулийн төслийн нэг агуулга болох “Нэг эрийн гурван наадам”-тай болох санаачилга нь олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шүүмжлэл дагуулсан. Нэг хүн сур харваж, бөх барилдаж, шагай харвах агуулгатай уг санаачилгыг боломжгүй хэмээн олон нийт шүүмжилж байсан бөгөөд улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон холбогдох байнгын хорооны түвшинд дэмжлэг авч чадаагүй. 

Гэвч хуулийн төсөлд тусгах гэсэн санаачилга ийнхүү дэмжлэг аваагүй ч “Нэг эрийн гурван наадам” орхигдсонгүй.

Өнөөдөр Хархорумын Олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийх үеэр “Нэг эрийн гурван наадам”-ыг зохион байгуулахаар болсон талаар мэдээллээ. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Уг наадамд арван хүн нэг баг болж оролцох бөгөөд түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнах аж. Наадам энэ сарын 13, 14-нд Хархоринд болох бөгөөд олон нийтэд нээлттэй" гэв. УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль боловсруулах, төрийн бодлогыг тодорхойлох, иргэдээ төлөөлөх. Харин сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хамгийн их татдаг бөх, наадам, цол зэрэг сэдвээр улс төрчид өөрсдийгөө байнга сануулах хандлага ажиглагдах боллоо.

Өөрөөр хэлбэл, хууль нь зөв эсэхээс илүүтэй санаачилга нь олон нийтэд яригдсан уу, өөрийнх нь нэр анхаарлын төвд орсон уу гэдэг нь чухал боллоо. 

Үүний бас нэг жишээ нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг. Тэрбээр улсын баяр наадмын өмнө тэгш ойн жил 1024 бөх барилдуулах хуулийн төсөл санаачлан олны анхаарлын төвд орж, бөх сонирхогчдыг талцуулсан. Улмаар “цолгүй өнжсөн” бөхчүүдийн асуудлыг ч дахин хөндөж, үндэсний бөхийн хүрээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Наадам болж өнгөрсний дараа энэ сэдэв намжиж, П.Сайнзориг олны анхаарлаас бага зэрэг холдсон үед тэрбээр дахин бөхийн асуудлаар дуугарч эхэлсэн байдаг.

Тодруулбал, тэрбээр цахим хуудсаараа дамжуулан бөхийн барилдааны цол, давааны төлбөртэй тохиролцоо буюу “найраа”-г “спортын авлига” хэмээн тодорхойлж, үндэсний өв соёлоо хамгаалах, бөхийн мөн чанарыг алдагдуулахгүй байх үүднээс улсын начин, харцага, заан цолны болзол хангасан бөхчүүд тодорхой хугацаанд цолоо баталж, ахиулж чадахгүй бол цолыг нь хураах санал гаргав. Ингээд харахад нэг нь “Нэг эрийн гурван наадам”, нөгөө нь 1024 бөх, бөхийн цол, “найраа”. Агуулга нь өөр боловч нийтлэг нэг зүйл бий. Тэр нь олон нийтийн анхаарлыг хамгийн хурдан татдаг үндэсний бөх, наадамтай холбоотой сэдвээр улс төрийн орон зайгаа хадгалах явдал юм.