Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Мөнгөний хэрэг гарав. Diesel Toyota Land Cruiser-300-гаа УНҮ 0009 дугаартай нь зарахаар шийдэв. Дугаарын асуудлаар хавар шуугиад асан УИХ-ын гишүүн хэн билээ, хөнгөлөлттэй өгнө” хэмээн зар нийтэлжээ.
Түүний ашиглаж буй УНҮ 0009 улсын дугаартай холбоотой асуудал өнгөрсөн хавар олон нийтийн анхаарлын төвд орж, УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа буухдаа төрийн тусгай хамгаалалтын автомашины улсын дугаарыг хувьдаа авч үлддэг гэх асуудлыг хөндөж байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир С.Баярыг шүүмжилж, цахим хуудсандаа “Төрөөс үнэгүй хулгайлсан юмаа үнэ хүргэж зарна ч гэх шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсийн өлөн зан арай ч дээ. Унаж байсан машинаа хүртэл улсын дугаартай хувьдаа аваад явсан дарга нар шүү дээ. Тэгээд одоо үнэ хүргэж зарна гэнэ үү, жинхэнэ өлөнгийн цех үү” хэмээн бичжээ.