ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлнэ

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Тэрбээр томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ. Уулзалтын үр дүнд наймдугаар сард багтаан Монгол Улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. ОХУ-д дотоодын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням урьд өмнө тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван туулахад дэмжлэг үзүүлж буй ОХУ-ын Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлсэн байна.