Колумбын баруун хэсэгт наймдугаар сарын 10-ны өдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтжээ. Газар хөдлөлтийн улмаас олон хотод барилга байгууламж нурж, их хэмжээний хохирол учирсан байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:34 цагт Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар суурингийн ойролцоо, газрын гадаргаас 103 орчим км-ийн гүнд болсон байна. Чичирхийлэл Колумбын өргөн уудам нутгаас гадна Эквадор, Панамд мэдрэгджээ. Хохирол хамгийн ихээр Перейра, Кали, Кибдо, Манисалес зэрэг хотод бүртгэгдсэн байна. Олон тооны барилга нурж, зарим иргэн нурангид дарагдсан тул эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлла газар хөдлөлтийн улмаас улс орондоо үндэсний хэмжээний гамшгийн нөхцөл байдал зарлаж, аврах, сэргээн босгох ажиллагаанд шаардлагатай төсвийг шуурхай хуваарилах арга хэмжээ авчээ. Газар хөдлөлтийн улмаас 1,575 орон сууц эвдэрч, зургаан нисэх буудлын дэд бүтэц гэмтсэн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, ойролцоогоор 1.5 сая хүн магнитуд нь 7-д дөхөх хүчтэй чичирхийллийг мэдэрсэн байна. Мөн АНУ, Европын Холбоо, Эль Сальвадор зэрэг улс Колумбид тусламж үзүүлэхээ илэрхийлж, эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхэлжээ.
ВИДЕО: