Seiko girls: J-Pop бүжигт хөдөлгөөн нэмж, хүссэн косплэйгээ бүрдүүлээд тайзан дээр гарах хамгийн гоё байдаг

Seiko girls: J-Pop бүжигт хөдөлгөөн нэмж, хүссэн косплэйгээ бүрдүүлээд тайзан дээр гарах хамгийн гоё байдаг

Сүүлийн жилүүдэд Монголд J-Pop урсгал, косплэй сонирхогчдын хүрээ тэлж, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж буй залуусын тоо нэмэгдсээр байна. Тэдний нэг бол 2025 онд байгуулагдсан Seiko girls охидын хамтлаг билээ.  Seiko girls хамтлагийн гишүүн Микка, Анжели нар энэ удаа Японы Sanrio брэндийн алдарт My Melody, Kuromi нарын дүрд хувиран манай редакцад хүрэлцэн ирлээ. Тэдэнтэй J-Pop урсгал, косплэй соёл, тайзны ард өрнөдөг хөгжилтэй мөчүүд болон энэ сонирхол нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар ярилцсан юм. 

ВИДЕО: 

- Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртоо баярлалаа. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу.

- Сайн байцгаана уу. Seiko girls  хамтлагийн Микка, Анжели хоёр байна. 

- Юуны өмнө бидэнд хамтлаг байгуулагдсан түүхээ хуваалцаач. Seiko girls хамтлаг хэзээ байгуулагдсан бэ, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? 

Микка:  Seiko girls хамтлаг маань 2025 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан юм. Хамгийн анх нэг эвентед оролцоод, тэндээс л хамтлаг байгуулагдах эхлэл маань тавигдсан. Бид уг нь  дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдахдаж  байсан юм. Гэхдээ яг бидний сурж хөгжих, ажиллах нас учраас, охидууд маань гадаад руу сургуульд яваад одоо гурвуулаа үлдчихсэн байгаа. Удахгүй бид хоёр ч бас Герман, Солонгос улсууд руу сургуульд явахаар бэлдэж байгаа. 

- Хамгийн анх J-Pop урсгалыг сонирхож, бүжиглэж эхэлсэн түүхээ хуваалцвал. 

Микка:  Миний жишээ жоохон инээдтэй л дээ. Багадаа би анимэ их үздэг хүүхэд байсан юм. Анимэний эмэгтэй дүрүүд яг жоохон хүүхэд нарийхан хоолойтой байдаг шүү дээ. Намайг бас хүмүүс хүүхэд шиг хоолойтой гээд байдаг юм. Тэгэхээр нь “Би тэгвэл анимэний дуу оруулагч хийчихвэл яадаг юм бол доо" гэж бодоод л тэрнээс хойш J-Pop маш сонирхолтой гоё юм байна. Надад бас тохирох юм байна гэж бодоод, тэгээд косплэй хийгээд бүжиглэж эхэлсэн.

Анжели: Миний нэг нууцхан мөрөөдөл байдаг юм. Idol гээд дуулж, бүжиглэж хүмүүсийг хөгжөөдөг мэргэжил байдаг шүү дээ. Би тийм мэргэжилтэй болох бяцхан мөрөөдөлтэй юм. Ялангуяа Япон айдолууд надад үнэхээр хөөрхөн санагддаг. Өмсөж зүүж байгаа хувцас хэрэглэл, дуулж байгаа дуу, бүжиг нь бүгд үлгэр дуурайл авахаар хөөрхөн байдаг. Тэр нууцхан мөрөөдөлдөө хөтлөгдөөд J-Pop урсгалыг сонгосон.

- Та бүхэн бүжгээ яаж сонгодог вэ. Бүжгээ бэлдэхэд хэр их хугацаа зарцуулж байна. 

Анжели- Бид зөвхөн эх хувилбарыг нь дуурайж бүжиглэдэггүй. Зарим хөдөлгөөнийг өөрсдөө зохиож, өөр бүжгийн элементүүдтэй хослуулан шинэчилдэг. Бас ая нэмээд, аяндаа тохируулан хөдөлгөөн оруулах тохиолдол ч гардаг. 

Микка- Хамтлагийнхан маань бүгдээрээ завгүй байдаг болохоор Долоо хоногт үнэхээр бүгдээрээ завтай байвал өдөр бүр л  уулздаг даа. 

- Тайзан дээр бүжиглэж байх үед ч юмуу, хамтлагаараа байхад тохиолдож байсан хөгжилтэй мөчүүдээсээ хуваалцаач. 

Анжели: Хамгийн хөгжилтэй мөч нь тайзан дээр гарахын өмнөх үе байдаг. Бүгд сандарчихсан "Яана аа, би их сандарч байна", "Би бүр хөлрөөд байна" гээд ярилцдаг. Харин тайзан дээр гараад л тэр мэдрэмж шууд алга болдог. Учир нь дуртай зүйлээ хийж байгаа хүн сандардаггүй, харин хамгийн аз жаргалтай байдаг юм шиг санагддаг. 

- Seiko girls хамтлагийн гишүүн болсны дараа, мөн косплэй хийж эхэлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

Анжели: Seiko girls-д орохоосоо өмнө дуртай зүйлээ илэрхийлэхдээ үнэхээр муу байсан. Хамтлагт орсны дараа илүү өөрийгөө нээж, өөрийнхөө дуртай зүйлсийг бусдын бодлоос хамааралгүйгээр хийж сурсан.

Микка: Бусдад хандах хандлага маань илүү өөрчлөгдсөн юм болов уу. Хүнтэй яаж зөв харьцах вэ,  камерын өмнө биеэ яаж зөв авч явах вэ, ямар үйлдэл хийх вэ гэдгээ илүү сайн хянаж чаддаг болно. Дээрээс нь өөртөө илүү итгэлтэй болж, гэрэлтэж эхэлсэн. 

- Сүүлийн үед хүүхэд залуусын дунд косплэй хийх нь тренд болчихлоо шүү дээ. Косплэй хийх нь ямар давуу талтай вэ? 

Анжели: Миний хувьд косплей хийхйин ач тус нь гар урлалын чадвар дээр илүү сайн мэдрэгдэнэ гэж бодож байна Ялангуяа цаг тулсан үед яаж хувцсыг иж бүрэн гоё харагдуулах вэ гэдэг дээр өөрөө сэтгэж, өөрөө бүтээлчээр хандах арга барилд суралцана. Жишээ нь бид хоёрын хувцас гэвэл яг иймээр нь шууд захиалаагүй. Энд тэндээс цуглуулж, бүрдүүлсэн хувцас байгаа. Тиймээс косплэй хийж, Япон урсгалыг сонирхвол илүү бүтээлчээр аливаад хандаж сурна гэж бодож байна.

- Гадуур косплэй хувцастайгаа явахад хүмүүс ямар хандлага гаргадаг вэ? 

Микка: Гадуур косплэй хувцсаа өмсөөд яг ингэж явахад хүмүүс муу хэлэхээсээ илүү харин ч сайшаадаг. "Ямар хөөрхөн юм бэ, ёстой хөөрхөн харагдаж байна , хамт зургаа авхуулъя"  гэдэг. Харин зарим нэг сөрөг хандлага нь ихэвчлэн сошиалаар ирдэг л дээ. Хамгийн сонирхолтой сөрөг хандлага гаргаж байгаа хүмүүс нь ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг.

Анжели: Ялангуяа манай аав ээжийн үеийн хүмүүст нэлээн "шок"-ны байдалтай орж ирсэн байж магадгүй. Гэнэт хүүхдүүд өнгө өнгийн хувцастай, өнгө өнгийн үстэй яваад эхлэхээр мэдээж хэрэг маш их гайхах байх. Гэхдээ дэмждэг аав ээжүүд олон байдаг. Ялангуяа манай аав ээж бол намайг маш дэмжиж, хэрэгтэй байгаа зүйлийг маань авч өгч, цаашид илүү хөгжүүлээд яваарай гэдэг. Мөн хүүхдүүдээ косплэй хийхийг нь тас хориглодог аав ээжүүд ч байдаг юм. Тэр хүмүүсийг цаашид илүү олон өнцгөөс хараад, хүүхдүүдээ дэмжээд яваасай гэж хүсч байна. 

Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө